2018.06.08
100 айлын асуудал бол зөвхөн худалдаа эрхлэгчдийн эрх ашиг төдий биш нийслэлчүүдийн нийтлэг эрх ашигтай холбоотой
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж хэвшснээр 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх Ажлын хэсэг байгуулагдаж, даргаар нь НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгыг томилсон байдаг. 2018 оны 6 сарын 5-ны өдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан 100 айлын үйл ажиллагаатай албаны хүмүүсийн хамтаар газар дээр нь очиж танилцсан.
Тэгвэл 2018 оны 6 сарын 6-ны өдөр Eagle телевизийн хэлэлцүүлгийн нэвтрүүлгээр 100 айлыг нүүлгэх, тухайн орчмын хот төлөвлөлтийг хэрхэн зохион байгуулах, авто замыг өргөтгөх, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дэд дарга Д.Индра, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Ц.Тулга нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө.
100 айлыг нүүлгэх, тэр орчмын авто замыг өргөтгөх, хот тохижилтын төлөвлөгөөний дагуу тохижуулах нь асуудал нь тэнд ажиллаж байгаа барилгын материалын худалдаа эрхлэгчдийн эрх ашгийн асуудал төдий биш бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөлтийн дагуу нийслэлийн хөгжил, цаашлаад иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл, мөн зуслангийн чиглэлд зорчигчдын, товчхондоо нийт нийслэлчүүдийн эрх ашгигтай холбоотой асуудал гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон зочид онцлон тэмдэглэсэн байна.