Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
2018.06.19

Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ.

Зээлийн болон төслийн гэрээний талаар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулав.

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцуудад дунджаар 40 гаруй жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан технологийн хувьд хоцрогдсон 35, 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх шаардлагатай байна.   

ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2014 он, 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцсон бөгөөд зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилд 2 хувь байна гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулгадаа дурдсан. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Амарзаяа Д.Оюунхорол нарын зүгээс хэрэглэгчийг найдвартай эрчим хүчээр хангахын тулд  шинэчлэл хийж, энэ салбарт 30 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй зээл авахыг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.