С.Амарсайхан: Хэрэв би цагдаагийн албан хаагчтай зүй бусаар харьцсан асуудал байгаа бол тэр хүнийг олон нийтэд хандан албан ёсоор байр сууриа илэрхийлэхийг хүсье
НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс цагдаагийн албан хаагчтай зүй бусаар харьцсан гэх гүтгэлэг мэдээллийн тухай сэтгүүлчийн асуусан асуултанд тэрбээр хариу тайлбар өглөө.
Сошиал орчинд НИТХ-ын дарга С.Амарсайхан дийлэх үү? Хууль зүйн сайд Ц.Нямдорж дийлэх үү? гэсэн гарчиг дор "С.Амарсайханд замын цагдаа нар маяк тавьж болохгүй гэж шаардлага тавихад би та нарын цалинг өгдөг шүү гэж аархсан" гэсэн утгатай гэсэн мэдээлэл түгсэн. Энэ талаар түүнээс сэтгүүлч асуулт асууж, хариулт авчээ.
- Таныг албаны машиндаа маяк тавих тухай Хууль зүйн сайдын тушаалыг зөрчиж тувиалсан гэх мэдээлэл гарах болсон, энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
- Миний хувьд НИТХ-ын даргаас гадна Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн даргаар ажилладаг. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 12 сарын 11-ны өдрийн А/292 тоот тушаалын хавсралт журам буюу "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам"-ын 2.1.1, 3.1, 3.2, 3.3-ыг үндэслэн Хотын иргэд, оршин суугчийн аюулгүй байдалтай холбоотой Гамшиг осол, онцгой байдлын үе зэрэг албан ажлаа гүйцэтгэж явахад гарцаагүй шаардлага гарсан тохиолдолд тусгай дуут дохио хэрэглэх зориулалтаар НИТХ-ын дарга болон Хотын даргад эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгосон байдаг юм билээ.
Гэлээ гээд миний хувьд гудамж, замаар тусгай дуут дохио хэрэглээд давхиад байгаа зүйл огт байхгүй. Үүнийг заавал хэрэглээд байх шаардлагагүй гэж боддог. Харин олон жил төрийн албыг мафийн сүлжээ шиг хэрсэн нөхдүүдийн улс төр, албан тушаал, ашиг сонирхолынхоо төлөөх гүтгэлэгт хэмжээ байх ёстой байх. Би тэр эвлүүлгийг олж харсан. Миний нүүр нүдний зургийг эвлүүлж, намайг Хууль зүйн сайдтай зориуд тэрсэлдэж байгаа мэт ойлголтыг олон нийтэд төрүүлэх гэсэн ядмагхан фотошоп байна лээ. Мөн тэр эвлүүлэгт бичсэн шиг би дуут дохио хангинуулаад, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд, тэдэнд хандаж элдэв зүйл хэлээд явна гэж юу байхав, ийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.
Хэрэв би зүй бусаар хандсан цагдаагийн албан хаагч байгаа бол миний буруутай үйлдлийн тухай байр сууриа олон нийтэд хандан албан ёсоор илэрхийлэхийг хүсье. Энэ бүхэн С.Амарсайханыг харлуулах гэсэн хэсэг бүлэг нөхдийн санаанаасаа зохиосон ядруухан сценари харагдсан. Гэхдээ гүтгэлэгт хэмжээ хязгаар гэж бий. Миний хувийн болон ажил хэргийн нэр хүндэд халдсан дээрх үйлдлийг би холбогдох газар нь шалгуулахаар хандсан...