Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН иргэдэд БАЙРНЫ ТҮЛХҮҮРИЙГ нь гардууллаа
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр 21 байршлыг тогтоосон. Заагдсан байршлын нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 8-р хороонд “Гангар инвест” ХХК-ийн барьсан 168 айлын орон сууц ашиглалтад орлоо.
Орон сууцны барилга баригдах газарт хашаа байшинд амьдарч байсан газраа чөлөөлж өгсөн иргэдийн төлөөлөлд өнөөдөр байрны түлхүүрийг нь гардуулж өгсөн юм.
Түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, “Гангар инвест” ХХК-ийн захирал Ж.Энхтөр, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэний үүргээ биелүүлж нийслэл хотынхоо хөгжлийн бодлогыг дэмжиж газраа чөлөөлж, бүтээн байгуулалтыг бий болгоход хамтдаа оролцсон иргэдэд талархал илэрхийлж түлхүүр, батламжийг гардуулан өглөө.
Тэрбээр “Нийслэлийн удирдлагаас гэр хорооллыг дэд бүтцэд холбогдсон тохилог орон сууцны хороолол болгон өөрчилж, айл өрхийн амьдрах нөхцлийг сайжруулж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн хангахыг зорьж байна. Бид зөвхөн түлхүүр гардуулахаар ирээгүй. Бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдаж байгаа болон иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдал, сургууль цэцэрлэгийн орчин бүрдсэн эсэхтэй биеэр танилцахаар ирлээ. Иргэд та бүхний хэлж хүлээж байгаа авто зам, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барьж байгуулахтай холбоотой хөрөнгө санхүүг ирэх оны төсөвт суулган шийдвэрлэх боломжийг эрэхлхийлж ажиллана" гэв.
Нийслэл хотын хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр агаар хөрсний бохирдол нэмэгддэг. Үүнийг шийдвэрлэх хамгийн зөв арга нь гэр хорооллын дахин төлөвлөлт юм. Он удаан жил суурьшсан гэр хорооллын орчны агаар, хөрсний бохирдол их байгааг олон төрлийн судлагаа харуулдаг. Нийслэлийн хөрснөөс дээж авч шинжилгээ хийхэд 88 хувь нь бохирдолтой гарч цаашлаад хөгц, мөөгөнцөр, бичил биет, гэдэсний халдварт өвчний нян илэрсэн. Эртэмтэд агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын утаанаас, 10 орчим хувийг автотээврийн хэрэгсэл, харин дулааны цахилгаан станцаас 6 хувь, хөрсний бохирдлоос 4 хувь бүрддэг гэж тооцсон байна. Иймээс гэр хорооллыг орон сууцжуулснаар бид эдгээр асуудлыг шийдэх томоохон дэвшил болох юм.
“Гангар инвест” компанийн хувьд нийслэлийн Баянзүрх дүүргийн 8,16-р хороо буюу Батлан хамгаалах сургуулийн ойр орчмын дахин төлөвлөлтөд оролцож нийт 39га талбайд 10 мянга гаруй айлын орон сууцны цогц хороолол барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 400 талбар нэгж айлыг нүүлгэн, 5000 айлын орон сууц мөн сургууль цэцэрлэгийн цогцолбор үйлдвэр худалдаа үйлчилгээний барилга барихаар төлөвлөжээ. Энэ жил таван блок 600 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлжээ.
НИТХ-ын ХМОНХТ