Казахстаны хүмүүнлэгийн тусламжаас 400 мянган долларыг Баян-Өлгий аймагт зарцуулна
Казахстан Улсын Засгийн газраас Монгол Улсад гамшгийн дараах сэргээн босголтын ажилд зориулж 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн юм.
Уг мөнгөнөөс 400 мянган ам.долларыг Баян-Өлгий аймгийн Өлгий суманд өнгөрөгч долдугаар сарын 14-17-нд болсон үерийн гамшгийн хор уршгийг арилгахад зарцуулахаар болсон талаар аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Энэ нь өнөөдрийн ханшаар нэг тэрбум гаруй төгрөг болох бөгөөд үлдсэн мөнгийг үерийн гамшигт нэрвэгдсэн бусад аймгуудад хуваарилах аж.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 105 тоот тушаалаар дээрх хүмүүнлэгийн тусламжийн ашиглалтыг газар дээр нь зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулан байгуулсан байна.
Дашрамд сануулахад, өнгөрсөн зун буусан уулын үерт тус аймгийн Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багуудын 929 айл нэрвэгдсэнээс 110 өрх орон гэргүй, 154 айлын байшин цаашид амьдрах боломжгүй болж, 15 тэрбум гаруй төгрөгийн хохирол учраад байгаа билээ.
Ө.Нурболат