2010.09.21

С.Эрдэнэ: Би намын дарга хэвээрээ байгаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнгөрсөн бямба гаригт хуралдсан нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх хурлаас гарсан үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа мэдээлсэн юм. Түүнтэй ярилцлаа.

-Хуралдааны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх дүрмийн бус зүйл нь юу вэ?

-Хэлэлцэх ёстой асуудлуудыг шийдвэрлэж дуусахад зарим гишүүнээс Нийслэлийн ардчилсан намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж хэлэлцүүлэхээр асуудал тавьсан. Үүнд хэд хэдэн ноцтой зөрчил гарсан. Намын хорооны гишүүн бэлтгэгдэж орсон асуудлаас гадна хэлэлцэх асуудалд нэмэлт оруулах бол заавал тухайн хэлэлцэх асуудлын төслийг бичгээр бэлдэж хурлын дарга, тэргүүлэгч нарт гардуулах ёстой. Гэтэл гардуулаагүй. Тухайн төслийг хурлын дарга, тэргүүлэгч нар хүлээн аваад хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулах ёстой. Төсөл санаачлагч асуудлаа танилцуулах үүрэгтэй. Энэ дүрмээрээ болоогүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж санал хураалт явуулсан. Олонхын санал авч чадаагүй. Намын байгууллагын үйл ажиллагаа, хурлын хэлэлцэх асуудал, дэгийн тухай журам бий.

Журмын 7.7-д “Тухайн хэлэлцэх асуудлын төсөл ердийн олонхын санал авч чадаагүй бол зургаан сарын дотор дахин хуралд оруулж болохгүй” гэсэн заалттай. Дөрөвдүгээр сарын 15-наас хойш зургаан сарын хугацаа дуусаагүй байсан. Хуралдаан даргалагч бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан итгэл үзүүлэх эсэхэд санал хураалт явуулж байна гэсэн үндэслэл гаргасан. Энэ хоёр өөр зүйл. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэдэг нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа хуулиар дуусахыг хэлдэг. Энэ нь дүрмээр зохицуулдаг асуудал тул дараагийн сонгууль явагддаг. Харин итгэл үзүүлэх эсэх нь хариуцлага тооцож байгаа хэлбэр. Хангалтгүй, муу ажилласан удирдах албан тушаалтан, байгууллагад итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж цаашид ажиллаж чадах уу гэдэгт санал хураалт явагддаг. Надад итгэл үзүүлэх эсэх асуудлыг дүрмийн бус байдлаар санал оруулсан нь өөрөө үндэслэлгүй байсан.

-Хуралдааныг юунаас болж орхисон бэ?

-Хурлаар хэлэлцэх асуудал дуусаад байхад дүрмийн бус асуудал оруулж ирж шийдвэр гаргах оролдлого хийж байгаа тул хуралдааныг орхиж байгаагаа мэдэгдээд гарсан.

-Гишүүдийн ирц бүрэн байгаагүй гэсэн яриа бий. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-135 хүн ирэхээс 101 хүн мандаттай хуралдаанд оролцсон. Надад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад 55 хүн санал өгсөн байхад саналын хайрцагнаас 60 хуудас гарч ирсэн. Тооллогын комиссоос тайлбар шаардахад “Бид буруу бүртгэжээ” гэсэн. Нэгэнт буруу бүртгээд санал хураалтын үйл явцад техникийн алдаа гарсан бол хүчингүй болох ёстой. Гэтэл санал хураалтыг хүчинтэйд тооцоод явах оролдлогыг дахин хийсэн. Тиймээс удаа дараа дүрмийн бус үйлдэл хийж байгаа тул хуралдаанд оролцох боломжгүй гэж үзээд орхиж явсан. Зааланд 50 гаруй гишүүн үлдэж хуралдсан байна лээ.

-Тэгэхээр та намын дарга хэвээрээ гэсэн үг үү. Эсвэл Ш.Түвдэндорж уу?

-Нийслэлийн Ардчилсан намын даргаар шинэ хүн сонгогдсон мэтээр ярьж байна. Намын дүрэмд Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшүүлэх асуудлыг нийслэлийн намын Зөвлөлдөх хороогоор шийдүүлдэг болохоос сонгодоггүй. Нэр дэвшүүлээд түүнийг нь намын дарга зөвшөөрсөн тохиолдолд Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулдаг. Үүний дараа нийслэлийн намын даргын бүрэн эрх хүчин төгөлдөр болдог. Дүрмээ мэдэхгүй бусармаг үйлдэл хийж байгаа хүмүүс нэр дэвших процессыг сонгосон мэтээр ташаа ойлгон намын даргын эрхийг авсан мэтээр тамга тэмдэг нэхэж увайгүй аашилж байна.

-Таны бүрэн эрхийн хугацаа хэзээ дуусах вэ?

-Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй учраас миний бүрэн эрх хэвээр хадгалагдаж байгаа. Намайг нийслэлийн намын даргаар баталсан Үндэсний зөвлөлдөх хорооны тогтоол хэвээрээ бий. Ирэх сард бүрэн эрхийн хугацаа дуусна. Тиймээс ажлаа өгөх өргөдлөө бэлтгэж байсан. Өргөдлөө бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, Ардчилсан намын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэсэн шалтгаанаар өгөх гэж байсан. Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй байгаа учраас намын удирдлага хамтын хариуцлага хүлээх зарчмаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх бодолтой байсан. Энэ албан тушаалыг хууль бус аргаар авах оролдлого хийсэн тул эсэргүүцэж байгаа. Энэ асуудлаа Хяналтын ерөнхий хороо, нийслэлийн холбогдох салбар хороонд өргөдлөө өгнө. Шийдвэр аль ч талд гарлаа гэсэн намын удирдлага хамтын хариуцлага хүлээх зарчмаар үүрэгт ажлаа өгч байгаа гэдгээ мэдэгдэнэ.

-Муу ажилласан гэж үзвэл итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулдаг. Таныг ажлаа муу хийсэн гэж үзсэн юм болов уу?

-Намайг 10 гаруй жил намын даргаар ажиллаж байна гээд байгаа. Энэ ажлыг 2006 оны аравдугаар сарын 28-ны өдөр одоо Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаа Ш.Алтангэрэлээс энэ ажлыг хүлээж авсан. Дөрвөн жилийн хугацаанд муу ажилласан гэж үзэхгүй байгаа. Томоохон дөрвөн сонгууль дамжлаа. 2007 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 33 дугаар нөхөн сонгуульд өөрөө нэр дэвшин ялалт байгуулсан. Нийслэлийн намын суудлын тоог гурав болгож байсан. 2008 оны УИХ-ын сонгуулиар нийслэлээс МАХН-ын долоон нэр дэвшигч сонгогдсон бол манай намын 10 нэр дэвшигч ялалт байгуулсан. Энэ үзүүлэлтээрээ манай нам нийслэлийн хэмжээнд олонх болж чадсан. Дараа нь орон нутгийн сонгуульд ялагдсан ч гурав байсан суудлаа ес болгож Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намын бүлэг, ажлын албатай болсон. Хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэл 100 хувийн ялалт байгуулсан. Үүнд нийслэлийн нам шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Намын байгууллагын хувьд улс төрийн үр дүнгээр хариуцлагын тухай ярьдаг. Харин намын дарга нь таалагдах, эс таалагдах асуудал яригддаггүй. Суудлаа тавьж өгөхгүй гээд тамга тэмдэгтэйгээ зууралдсан асуудал байхгүй.

-АН-ын үйл ажиллагаа зогсонги байдалд хүрсэн гэж үзэж байгаагаа тайлбарлахгүй юу?

-АН-ын эрх барих дээд байгууллага нь Үндэсний зөвлөлдөх хороо байдаг. ҮЗХ-ны хуралдааны хооронд хэрэгжүүлэх үүргийг намын гүйцэтгэх зөвлөл хэрэгжүүлж байдаг. Гүйцэтгэх зөвлөлийн 31 гишүүн бий. Өнгөрсөн хавар хуралдсан АН-ын ҮЗХ-ны хурлаас хойш Гүйцэтгэх зөвлөл өдийг хүртэл нэг ч удаа хуралдсангүй. Намын уураг тархи ажиллахгүй байгаа учраас намын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.

-Энэ маргаан шийдэгдэх­гүй байсаар таны бүрэн эрхийн хугацаа дуусгавар болбол Ш.Түвдэндоржид ажлаа өгөх үү?

-Ш.Түвдэндорж гэдэг хүнийг эсэргүүцээгүй. Дүрмийн дагуу гарч ирсэн хүнд л өгнө. Ш.Түвдэндорж гарч ирвэл өгнө.

-АН дотроо хагаралдаад байгаа гэдгийг үгүйсгэж байгаа. Гэхдээ энэ үйлдэл үүнийг харуулаад байгаа юм биш үү?

-Зохион байгуулалттайгаар АН-ын бүтэц байгууллагуудыг хагалах ажиллагаа орон нутагт явагдаж байгаа. Хэн үүнийг хийгээд байгааг ч мэдэж байна. Дархан-Уул аймаг, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт маргаан бий. Гэтэл өдий болтол тодорхой арга хэмжээ авагдаагүй. Нийслэлийн АН-ын хүрээнд шийдвэрээ гаргаад явж байна. Үүнээс гадна Нийслэлийн АН-ыг дотор нь хагалах оролдлого хийж байна гэж дүгнэсэн. Тиймээс Нийслэлийн АН-ыг эв нэгдэлтэй, хүчирхэг байлгахын төлөө өөрөөсөө шалтгаалах хэмжээнд ажиллана. Миний алдаа юунд байсныг баримттай хэлэх хэрэгтэй байна. Ингэсний дараа буруугаа хүлээхэд бэлэн байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.