С.Эрдэнэ: ҮЗХ-ны гишүүд аль нэг фракцид үйлчлэхийг үгүйсгэхгүй
2010.11.19

С.Эрдэнэ: ҮЗХ-ны гишүүд аль нэг фракцид үйлчлэхийг үгүйсгэхгүй

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хурал маргааш (өнөөдөр) болно. Та хуралдааны танхимын уур амьсгалыг хэрхэн төсөөлж байна?

-Хуралдааны уур амьсгалыг урьдчилан төсөөлж таамаглахаас илүү эндээс алсыг харсан зөв шийдвэр гарна гэж бодож байна. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн эрүүл саруулд итгэж байгаа. Гэхдээ тус хорооны гишүүд аль нэг фракцид үйлчлэхийг бас үгүйсгэхгүй.

-Хуралдаанаар намын даргын асуудал сөхөгдөнө гэдэгт та итгэлтэй байна уу?

-Аливаа том асуудлын дэргэдүүр жижгийг нь авчирч наагаад будлиан хутгаад байх юм. Энэ бол тун хэцүү зүйл. Намын дарга гэдэг нэг л хүнийг тойрсон яриа. Н.Алтанхуяг солигдох үгүй нь зөвхөн тэр л хүнтэй холбоотой. Тийм биз дээ.

-Ардчилсан намын нэн даруй, тэр дундаа энэ ҮЗХ-ны хуралдаанаар шийдвэрлэх ёстой хамгийн том, тулгамдсан зүйл нь тэгвэл юу юм бэ?

-Нам сэрэх үү, унтаа байдлаасаа гарч чадах уу гээд жагсаавал олон юм гарна. Тэднээс хамгийн том нь Ардчилсан намын ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулах шийдвэр.

-Ээлжит бус их хурал хуралдаж ямар асуудлыг шийдвэрлэх ёстой гэж та үзэж байгаа юм бэ?

-Нам эхний ээлжинд үзэл баримтлалаа тодорхой болгох хэрэгтэй боллоо. Түүнээс гадна үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулах шаардлага амьдралаас урган гарлаа. Тодруулбал,бидний урьдах Их хурлаараа баталсан үндсэн дүрэм цаг үеэсээ хоцорсон байна. Энэ бүхнийг Гүйцэтгэх зөвлөлийн 31, ҮЗХ-ны 228 гишүүн цөөн эрх мэдэлтэй хүмүүст үйлчлэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тийм болохоор энэ асуудлыг явцуу хүрээнд шийдэж болохгүй. Харин намын анхан дунд шатны төлөөлөгчдийн оролцоотой өргөн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байгаа тул ээлжит бус их хурлыг хуралдуулах хэрэгтэй. Энэ үгийг би ганцаараа яриагүй. Бүр намын гишүүдийн дундаас ээлжит бус их хурлыг хуралдуулахыг шаардсан хөдөлгөөн байгуулагдаад шаардлага гаргалаа. Ийм шаардлага байгаа гэдгийг бид мэдсээр байж, түүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж болохгүй шүү дээ.

-Намын даргыг өөрчлөх хамтарсан Засгийн газраас гарах шаардлага байхгүй гэж ардчиллын литрүүд Э.Бат-Үүл, Баабар нар бичээд байна?

-Улс төрийн хүрээнд С.Баяр, Э.Бат-Үүл, Баабар гэсэн алтан гурвалжин аль эрт үүсчихсэн байсан юм байна. Нэгийг нь хатгахаар нөгөө хоёр нь сөрвөлзөн босч ирдэг болоод удлаа. Сүүлийн үед Үүл минь хаана явна гэж түүнээс асуумаар байна. Ер нь их л сонин байгаа шүү. Хамтарсан Засгийн газарт орохдоо тодорхой хөтөлбөр дэвшүүлэн гэрээ байгуулж орсон. Тэрхүү гэрээг дүгнэж үзэх ёстой. Албан бусаар бол хөтөлбөрййн биелэлт 10 хүрэхгүй хувьтай явна гэсэн мэдээлэл байна. Ийм нөхцөлд хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам байгаад байх шаардлагагүй.

-Даваа гаригт танай намын Гүйцэтгэх зөвлөл хуралдсан. Та тэнд суусан уу?

-Гүйцэтгэх зөвлөлийн батламжлагдсан гишүүн мөн үү гэвэл мөн. Гэхдээ нийслэлийн Ардчилсан намын даргын албан тушаалыг хүлээлгэн өгснөөс хойш Гүйцэтгэх зөвлөлийн хуралд орохгүй байгаа. Ер нь ротац болохоор нэрээ дэвшүүлж өрсөлдөөд орох бодолтой явна.

-ҮЗХ-ны гишүүд одоогийн байдлаар яаж фракцлагдаад байгаа юм бэ?

-Хүн харахад андашгүй шүүдээ. Намаа шинэчлэхийн төлөө нэг хэсэг байхад, дарга нарыг хамгаалах бүлэг бас байна. Тэдний дунд эргэлзэж тээнэгэлзсэн бүлэг гишүүд бас бий. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйхны хугацаа үлдлээ. Одоо Засгийн газарт ямар нэг орон тоо гарах боломжгүй. Тийм болохоор тэдгээр эргэлзэж тээнэгэлзээд байгаа гишүүдэд ямар нэг горьдлого байхгүй болсон гэсэн үг. Одоо бидний зорилго намаа босгож аваад УИХ-ын 2012 оны сонгуульд бэлтгэх. Улмаар ялалт байгуулж засгийн эрхийг дангаар барьж бодлогоо хэрэгжүүлэх нь чухал. Энэхүү нөхцөл байдал нь дээрх категориуд багтаж байгаа хүмүүст нэг зүйл бодогдуулж байгаа байлгүй.

-Тэдгээр тээнэгэлзээд байгаа гишүүд, намаа шинэчлэхийн төлөөх  бүлгийнхэнтэй нэгдвэл ҮЗХ-ны хурлаас хүссэн шийдвэрээ гаргуулж чадах уу?

-Чадна. Бидэнд өөр зам байхгүй.

-Аливаа зүйлийг хамгийн муу хувилбараар тооцож эерэг үр дүнд хүрэх нь сайхан байдаг. Гэтэл зөвхөн өөрийнхөө зөв гэсэн хувилбарт итгэн орж муу дүн авах нь сайн зүйл биш ээ. ҮЗХ-ны хурлаас ээлжит бус их хурал хуралдуулах шаардлагагүй гэсэн шийдвэр гарвал та яах вэ?

-Ардчилсан намын анхан шатны үүрийн гишүүд нь аймаг дүүргийн намын хорооны гишүүдээ сонгодог. Тэндээс ҮЗХ-ны гишүүд сонгогддог. Тийм болохоор намын дээд шатны төлөөллийн байгууллагад та хэнийг сонгосон юм бэ. Тэр хүн таны үзэл бодол итгэл үнэмшлийг ҮЗХ-нд төлөөлж чадаж байна уу. Түүнийг та нар эргэж нэг хараач ээ гэж жирийн гишүүддээ хандана. Ардчилсан намын одоогийн байдлаас гарах хамгийн зөв гарц нь ээлжит бус их хурал хуралдуулах л гэж харж байна. Тийм болохоор цаг үеийн шаардлагад нийцэхгүй шийдвэр тэндээс гарахгүй гэдэгт итгэж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.