Налайх чиглэлийн 20.9 км замыг ирэх дөрөвдүгээр сараас тавьж эхэлнэ
2018.12.12

Налайх чиглэлийн 20.9 км замыг ирэх дөрөвдүгээр сараас тавьж эхэлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэл бэлтгэл ажлыг явцыг танилцууллаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра танилцуулсан юм. Тэрбээр тус замын барилгын ажлыг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр бэлтгэж хангаж буйг хэллээ.

Бүтээн байгуулалт өрнөх газрыг бүрэн чөлөөлж дууссан бөгөөд олон улсын стандартад нийцэхүйц хүнд даацын зам тавих юм. Мөн иж бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай, ус зайлуулах шуудуутай байх ажээ. Түүнчлэн осол гарахаас урьдчилан сэргийлж, хонгил хийх юм байна. Хонгилын бүтээн байгуулалтыг 2020 онд дуусгахаар төлөвлөж байгаа гэнэ. Нийслэлийн ИТХ-ын хурлын дарга С.Амарсайхан танилцуулгыг сонсоод "Гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламжийг хэсэгчлэн хийж болохгүй.  Мөн аюулгүй байдлыг бүрэн хангасан, стандарт тэмдэг тэмдэглэгээтэй байх ёстой шүү. Уг авто зам хоёр урсгал бүхий дөрвөн эгнээ байна. Тэгэхээр ойрын зургаан жилийн хэрэгцээг хангаж болох ч хүнын төвлөрөл нэмэгдэж, хот тэлэхийн хэрээр дахин шаардлага гарч болзошгүй. Тиймээс ойр орчны газрыг нь чөлөөлж, хамгаалалтад авах асуудлыг анхаарах хэрэгтэй" гэсэн юм.