Шинэчлэлт өөрчлөлт хийе л гэж байгаа бол МАН-тай эвсэх ёсгүй
УИХ-ын гишүүн, Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2012.07.18

Шинэчлэлт өөрчлөлт хийе л гэж байгаа бол МАН-тай эвсэх ёсгүй

Өчигдөр хуралдсан АН-ын ҮЗХ-ны хурлын дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа

-АН дахь Шонхор фракц УИХ-ын удирдлагыг авчихлаа гэсэн яриа байна?

-Аливаа улс төрийн нам доторх фракцууд ил тод байх ёстой. Энэ зарчмын дагуу АН фракцуудаа нууж хаадаггүй, ил тод үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, аль фракцын уйл ажиллагаа ил тод, илүү үр дүнтэй хэрэгжиж байна тэр фракцын шийдвэр намын бодлого болоод явдаг зарчим АН-д үйлчлээд удаж байгаа. АН-ын өөрийнх нь-мөн чанар энэ. Түүнээс биш бусад намууд шиг "Манайд фракц байхгүй, нэгдмэл нам" гэж ярьдаг хэрнээ шийдвэр гаргах шатанд очихоороо нуугдмал фракцууд нь амилдаг, тэд нар нь бидний хэлдгээр хор найруулдаг, тохиролцоо хийдэг зүйл байж болохгүй.

Мэдээж өнөөдөр хуралдсан ҮЗХ-ны хуралдаанаар Засгийн газрын тэргүүн болоод УИХ-ын даргыг сонгох асуудал АН-ын фракцуудын хоорондын тохиролцоон дээр явагдсан.

Нууж хаагаад байх юм алга. Гэхдээ хэдхэн улс төрчийн хүрээнд яригдсан гэвэл эндүүрэл болно. Тухайн фракцид харьяалагддаг гишүүн, ҮЗХ-ны гишүүд бүгд л оролцсон. Эцсийн дүндээ фракц болон ҮЗХ-ны бүх гишүүдийн оролцоотойгоор асуудлуудаа хялбар шийдэж чадлаа. Энэ бол хэсэг бүлэг хүмүүсийн тохиролцоо биш, намын түвшинд ярилцаж тохирсон асуудал юм.

-УИХ-ын гишүүн, АН дахь Шонхор фракцын дарга З.Энхболд УИХ-ын даргад томилогдохоор боллоо. Ийм шийдвэр гарвал таныг УИХ-ын дэд даргаар томилно гэжбайсан. Энэ хэр үнэний ортой вэ?

 

-Одоогийн байдлаар надад албан ёсоор УИХ-ын дэд даргын суудлыг санал болгоогүй байна.

 -Танай фракц дотор ийм яриа яригдсан юм биш үү?

 -Албан тушаалын яриа одоо-гийн байдлаар яригдаагүй байгаа. Засгийн газрын тэргүүн, УИХ-ын даргыг томилох асуудал нийгмийн хүлээлт байсан учраас намын хүрээнд ярьж өнөөдөр шийдлээ оллоо. Харин бусад албан тушаалтныг томилох асуудал удахгүй яригдана.

-ҮЗХ хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаа УИХ дахь намынхаа бүлэгт шилжүүл-чихсэн юм байна. Тэгэхээр бусад намуудад Хамтарсан засагт боломжийг нээлттэй үлдээж байна гэж ойлгож болох уу?

Гүйцэтгэх зөвлөлд энэ эрхийг шилжүүлсэн. Харин УИХ дахь АН-ын бүлэгт бусад намын бүлгүүдтэй ярилцах, шийдэл .гаргах үүрэг даалгавар өгсөн. Угаасаа аль аль талаасаа санал тавигдана. Харин эцсийн шийдлээ ҮЗХ-нд танилцуулж батлах ёстой.

-Уг нь АН-ын удирдлагууд хэдхэн хоногийн өмнө МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэлтэй хамтарч засаг байгуулна гэж мэдэгдсэн. Энэ шийдвэрээ хатуу тогтоогүй байсан юм уу?

 -"Шударга ёс" эвсэлтэй нэгдэх тал дээр яг таг тогтсон шийдэл гараагүй. Аль нэг намтай эвсэх хэлэлцээр хийх үүргийг Гүйцэтгэх зөвлөл болон УИХ дахь АН-ын бүлэгт шилжүүлсэн. Хэлэлцээрийн шатанд л энэ асуудал шийдэгдэнэ.

-"Шударга ёс" эвсэлтэй хэлэлцээд тохиролцохгүй бол МАН-тай эвсэнэ гэсэн үг үү. Өөр гарц байгаа гэж үү?

-Хэлэлцээр эхлээгүй байгаа учраас энэ нь ингэнэ, тэр нь тэгнэ гэж ярихад эрт байна. Хэлэлцээр удахгүй байлгүй дээ. Бусад улс төрийн намууд ч гэсэн хэлэлцээрт ороход бэлэн байгаа байх.

-Хэрэв МАН-тай эвсэхээр болбол та хувь гишүүнийхээ хувьд яаж хүлээж авах вэ?

-Ил тод хэлэхэд би эсрэг байр суурьтай байгаа. Нийгэмд шинэчлэлт өөрчлөлт хийе л гэж бодож байгаа бол МАН-тай эвсэх ёсгүй.

-Тэгэхээр та МАН шинэчлэлт, өөрчлөлт хийж чадахгүй гэж бодож байгаа юм уу?

-Ерэн жил төр засгийн эрх барилаа ш дээ. Социализмын үеийн 70 жил, ардчилсан хувьсгал гарснаас хойших 23 жил улс орныг удирдлаа. Яг юуг өөрчилж, ямар шинэчлэл хийсэн юм бэ. Юу ч өөрчлөгдөж, юу ч шинэчлэгдээгүй шүү дээ. Ийм байдлаар манай улс цаашаа явах юм бол

Ерэн жил төр засгийн эрх барилаа ш дээ.

Монгол орон орших уу, эс орших уу гэсэн асуулт гарна. Өөрөөр хэлбэл, бид салаа замын торгон зааг дээр байна. Тэгэхээр улс орныхоо эрх ашгийг бодож, Монгол орон улс шиг хөгжиж, монголчууд хүн шиг амьдаръя гэж байгаа л бол өөрчлөлт шинэчлэлтийг хийхээс өөр ямар ч гарц байхгүй.

-АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулж, хариуцлага тооцох асуудал яригдаж байсан. Юу болсон бэ?

-Нийгэмд энэ асуудлын хүрээнд хүлээлт байгаа нь үнэн. Бид ч гэсэн өнөөдөр хариуцлага алдсан хэн нэгэндээ шаардлага тавих л ёстой. Гэхдээ хариуцлага тооцох асуудал хэзээ ч оройтохгүй. Харин өнөөдөр нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг нэн даруй шийдэх улс төрийн намуудын хийх ажил. Тэгэхээр бид нийгмийн өмнө хүлээсэн ажлаа нэгдүгээрт тавиад явж байна. Шаардлагатай гэж үзвэл хариуцлагын асуудлыг дараа нь ярьж болно.

Нэг зүйлийг нэмээд хэлэхэд АН доторх фракцууд тодорхой ойлголцолд хүрч чадсан. Манай намын гишүүн Санжаасүрэнгийн Зориг агсны хэлсэн "Эрх ашгийн эрэмбэ" гэж үг бий. Нэгдүгээрт эх орныхоо, хоёрдугаарт намынхаа, гуравдугаарт, бүлэг фракцынхаа, дөрөвдүгээрт  өөрийнхөө эрх ашгийг тавь гэж. Тэгэхээр эрх ашгийн эрэмбээ хараад улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавиад явах нь зөв. Энэ нь АН дахь фракцуудын зорилгод нийцэж байгаа.

-Өнөөдрийн ҮЗХдээртавьсан илтгэлүүдийг сонсч байхад АН авлигатай тууштай тэмцэнэ гэж байна. Энэ асуудлыг Засгийн газар нь дангаараа хэрэгжүүлэхэд зам нь саадгүй байж чадах уу. Яагаад гэвэл АН УИХ-д засаг байгуулах хэмжээний олон суудал авч чадаагүй. Түүнчлэн хүчтэй цөөнхүүд бий шүү дээ?

-Бид ард түмэнтэйгээ хамтдаа байж чадвал бүх өөрчлөлтийг хийж чадна. Олон түмэн харж байгаа. Хэн нь өөрчлөлт хийх гээд байна. Хэн нь саад болох гээд байгааг сонгогч түмэн ялгана. Тийм учраас АН зоригтой алхам хийх л хэрэгтэй. Бидний хийж буй алхмыг зогсоож, саад учруулж байгаа улс төрийн намд ард түмэн үнэлгээ өгнө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.