Цаг хугацааг товчлох финтекийг нэвтрүүлснээр зээлийн хүү буурна
2019.01.22

Цаг хугацааг товчлох финтекийг нэвтрүүлснээр зээлийн хүү буурна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Технологийн дэвшил, инновацийн хялбар шийдэл ашиглан уламжлалт санхүүгийн үйлчилгээг хамгийн бага зардлаар харилцагчдад хүргэх боломж руу монголчууд дөтөлж байна. Өөрөөр хэлбэл, ухаалаг утасныхаа аппликейшны ганцхан товчийг дараад л хэрэглээний бараагаа захиалах, санхүүгийн үйлчилгээ авах, арилжаа хийх гээд цаг хугацааг товчлох боломжтой бид нүүр тулж буй юм. Санхүүгийн үйлчилгээ болон технологийн хөгжлийн огтлолцлол болох финтекийг хөгжүүлснээр өртөг буурч, цаг хугацааг хэмнэхээс эхлээд маш олон талын ач холбогдолтой гэдгийг Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганы төлөөлөгчид онцолсон юм.

Ард санхүүгийн нэгдлээс "Хөрөнгө оруулагч үндэстэн чуулга" уулзалтыг гурав дахь жилдээ зохион  байгуулсан  бөгөөд энэ удаад Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх нь чухал гэдэгт төвлөрөв. Мөн чуулганаар хөрөнгийн зах зээлийн 2019 оны төлөв байдал, финтек болон  дижитал трансформацийн нөлөөлөл ба хууль эрх зүйн орчин, Монголын тэтгэврийн тогтолцооны өөрчлөлт, ухаалаг хот зэрэг санхүүгийн салбарын халуун сэдвийг хөндсөнөөрөө онцлогтой болсон юм.

Түүнчлэн чуулганы үеэр  “Мост финтек”, “Андууд лаб”,‘‘Монос хүнс”, “Монгол шуудан” зэрэг компани танилцуулгаа хийж, санхүүгийн бүх үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг аппликейшн болох “Ард ап”-ыг  Ард Санхүүгийн Нэгдлийнхэн гаргаснаа танилцуулав.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ АШИГЛАНА
Санхүүгийн салбарын нэг багана болох хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага Монголд бий. Тэгвэл тус чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгийн зах зээл 2019 онд ямар байх вэ гэдэгт төвлөрөв. 2018 оны хувьд Хөрөнгийн зах зээл өмнө нь байгаагүй түүхэн амжилт үзүүлснийг салбарынхан тодотгосон юм. Тодруулбал, жилд хоёр  компани хувьцаа гаргадаг байсан бол өнгөрсөн онд зургаан компани үнэт цаасаа хөрөнгийн зах зээлд арилжжээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд анхдагч болон хоёрдогч зах зээлд нийт 210 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь түүхэн дээд амжилтыг үзүүлсэн байна. Хэдийгээр тооны хувьд ийнхүү ахиц гарсан ч чанарт анхаарах цаг болсныг экспертүүд онцолж байсан юм. Учир нь компаниуд  хөрөнгийн  зах зээлд хувьцаа гаргаж мөнгөө босгочихоод дараа нь таг чиг болдог  жишиг бий. Тиймээс компаниуд ил тод, нээлттэй зарчим баримталж  засаглалаа бэхжүүлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулав. Нөгөөтэйгүүр иргэд санхүүгийн үнэлгээг нь сайтар судалж байж хувьцаа авахаас гадна олон жил тогтвортой ажиллаж буй үзүүлэлтээр үнэлэх ёстойг сануулсан. Өнгөрсөн хоёр жилийн хувьд хөрөнгийн зах зээл тэлэлттэй байхад эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээгээр нөлөөлснийг мэргэжилтнүүд тодотгож, 2019 онд энэ амжилтаа бататгах жил болно гэдгийг онцлов.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр “Хэд  хэдэн компани цахимаар арилжаанд орж байна. Технологийн хувьд иргэддээ ойртсон үйлчилгээг хүргэх нь чухал байгаа. Өнөөдөр  гурван сая иргэний хоёр сая нь ухаалаг утастай. Иймд брокер дилерийн компаниуд иргэдийг гар утаснаасаа арилжаанд орох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр хоёрдогч зах зээлийн арилжаанд томоохон түлхэц үзүүлнэ. Энэ үед цахим гарын үсэг ашиглах шаардлагатай” гэв. 
 ФИНТЕК  БАНКУУДАД БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ХЯЛБАРШУУЛАХ БОЛОМЖ ОЛГОНО 
Мөн тус чуулганаар финтекийг хөгжүүлэх шаардлагатай гэдэгт гол анхаарлаа хандуулсан юм. Финтекийн ид шид юу вэ гэж уншигч та асуух байх. Тэгвэл банк санхүүгийн үйлчилгээг хэдхэн секундэд авч, хоорондоо мөнгө шилжүүлэх ид шид Финтект бий. Өөрөөр хэлбэл, санхүүгийн үйлчилгээ технологийн хөгжлийн хослол гэж тайлбарлаж болно. Уламжлалт арга буюу банкинд дугаарлах бус цахим болон гар утаснаас санхүүгийн үйлчилгээг авах боломж юм. Энэ тухай “GrafeCity”, “Most money” компанийг үүсгэн байгуулагч А.Сүхдорж ярихдаа, “Санхүүгийн ертөнц дэх технологийн нэг хувьсгалыг финтек гэж хэлдэг. Финтекийг хөгжүүлснээр аливаа үйлчилгээг хямд, төсөр, түргэн шуурхай хүртэх боломжтой. Хэрвээ финтек амжилттай нэвтэрвэл зээлийн хүү буурна. Тиймээс нэг л өдөр Монгол Улс сайхан болно хэмээн хүлээх хэрэггүй. Технологийн шийдэлтэй хөл нийлүүлэн алхаж,  хөрөнгө оруулалтад маш анхааралтай хандах хэрэгтэй” хэмээв. 
Финтек нь дэлхий нийтэд 2007 онд үүсч хөрөнгө оруулагчдыг байлдан дагуулсан бөгөөд 2015 онд финтект оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 50 тэрбум ам.долларт хүрсэн нь хамгийн оргил үе нь болжээ.
Өөрөөр хэлбэл, Финтек  банкуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хялбаршуулах, дижиталчлах боломжийг олгож байна. Манайд нэвтрээд байгаа SocialPay аппликейшн нь финтекийн нэг хэлбэр бөгөөд уг аппликейшныг нэвтрүүлснээр банкны харилцагчид мөнгө илгээж, хүлээн авч, нэхэмжлэх үйлчилгээг хэдхэн секундын дотор авах боломж бүрджээ. 

ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ
Иргэн баян бол улс баян гэдэг. Олон нийтийн санхүүгийн боловсрол хэр сайн байна, төдий чинээгээрээ зөв санхүүгээ удирдаж улс орныхоо эдийн засагт эергээр нөлөөлдөг байна. Тэгвэл Иргэдийн санхүүгийн боловсрол салбар хуралдаанаар санхүүгээ зөв удирдахад түлхэц үзүүлэх зөв бодлого, бага наснаас нь гэр бүл, сургуулийн орчинд санхүүгийн зөв мэдлэг олгох, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ чиглэлийн мэдээ, мэдээллийг сонирхолтой хэлбэрээр түлхүү хүргэх нь чухал гэдэгт төвлөрсөн юм. Санхүүгийн боловсролыг хүн насан туршдаа эзэмшиж явдаг. Тиймээс урт хугацаа шаардана. Өнөө цагт цахимаас санхүүгийн боловсролын  талаар маш олон мэдээлэл авах боломж бүрдсэн. Тиймээс цагаа хэмнэж, өөрт хэрэгцээгүй мэдээлэл авахаас илүүтэй амьдралд хэрэг болох санхүүгийн талаарх мэдээллийг судлах хэрэгтэй. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх цаг болсон гэдгийг оролцогсод онцолж байлаа. 
УТАА, ТҮГЖРЭЛИЙГ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛЭЭР ХАЛАХ БОЛОМЖТОЙ
Ухаалаг утсаараа  хэрэгтэй зүйлээ захиалаад хүргүүлээд авах нь цаг зав хэмнэхийн зэрэгцээ түгжрэлийг бууруулна гэдгийг “Ухаалаг хот” хуралдаанаар мэргэжилтнүүд онцолсон юм. Утааг багасгах шийдлийн хувьд технологийн хувьсгалаар буюу удахгүй хэрэгжих "Uber" шиг системээр шийдэж болно гэдгийг хотын мэргэжилтнүүд хэллээ. Утааг бууруулахын тулд хүн бүр хариуцлагатайгаар хандаж, сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэйг тодотгож байв.
НИТХ-ын дарга С.Амарсайхан ярихдаа "Утааг шийдэх боломж гаргалгаа нь бэлэн байна. Гол нь монголчууд бид ойлголцлын нэг талд гарч чадахгүйд учир бий.  Иргэд, төрийн эрх үүргийг тодорхой болгож, өмнөх ажлаа сайн хийх нь чухал. Хэтэрхий улс төржиж байгаа учраас ажил цалгардаж байна" гэлээ.
Хэдхэн жилийн өмнө утаатай гэгдэж байсан Бээжин хот технологийн хүчээр асуудлаа шийдсэн. Дэлхийн нийт хотоо шинээр төлөвлөх замаар орчин үеийн технологийг ашиглаж  асуудлаа шийдэж буйг  "Утаагүй ирээдүйн сан - Смартсити" хэлэлцүүлгийн үеэр албаныхан онцлов.
 
 
Ийнхүү Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганаар технологийн шинэ шийдлээр хөрөнгө, санхүүгийн үйлчилгээг хялбаршуулж, цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжтой гэдэгт төвлөрч, санхүүгийн боловсролоо хүн хараад суух бус өнөөдрөөс эхлэн өөрөө мэдлэгээ тэлж амьдралдаа өөрчлөлт хийх ёстой гэдэгт оролцогсод санал нэгдсэн юм.