Ц.Даваасүрэн: Усан цахилгаан станц, хийн генератор, өндөр хүчин чадалтай баттерей хуримтлуурыг нэвтрүүлэх хэрэгтэй
2019.03.14

Ц.Даваасүрэн: Усан цахилгаан станц, хийн генератор, өндөр хүчин чадалтай баттерей хуримтлуурыг нэвтрүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Эрчим хүчний яам, Английн Элчин сайдын яамтай хамтран "Ухаалаг эрчим хүч" форумыг өнөөдөр /2019.03.14/ Гадаад хэргийн яамны Зөвшилцлийн танхимд зохион байгуулж байна.

Форумын үеэр эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийн илтгэлүүдээс гадна Англи улсаас уригдан ирсэн мэргэжлийн экспертүүд Их Британи улсын ухаалаг эрчим хүчний сүлжээ, эрчим хүчний нөөцлүүр, усан цахилгаан станц, нарны эрчим хүч зэрэг асуудлаар сонирхолтой илтгэлүүдийг танилцуулж байна.

Их Британи улс нүүрстөрөгчийн ялгарал багатай инновациараа дэлхийд тэргүүлж буй. Өнөөдөр дэлхийн инновацийн индексээр Их Британи улс дөрөвдүгээр байрт орж, 2015-2021 оны хооронд зөвхөн Засгийн газраас  гэхэд 2.5 тэрбум паундыг нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай инновацид хөрөнгө оруулаад байгаа аж.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Бид өнөөдөр Англи улсын Элчин сайдын яамтай хамтран Монголын эрчим хүчний салбарт ойрын хугацаанд хэрэгжих томоохон төслүүдийн талаар хэлэлцэж байна. Өнгөрсөн намар эрчим хүчний салбарыг дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд гадны хөрөнгө оруулалтаар хийх шаардлагатай байгаа төслүүдээ танилцууллаа.

Тухайлбал, усан цахилгаан станц, хийн гинаратор, өндөр хүчин чадалтай батерей хуримтлуур зэрэг эрчим хүчний салбарын системийн найдвартай, үр ашигтай байх чиглэлд тодорхой төслүүдээ санал болгож байгаа. Эдгээр эрчим хүчний эх үүсвэрүүд бий болсноор салбарын систем бие даасан, үр ашигтай салбар болж чадна. Одоогийн байдлаар Монголд нар, салхины эрчим хүчийг хүссэн хэмжээгээрээ хөгжүүлж чадахгүй байгаа. Нар жаргах, салхи буурах үед шууд эрчим хүчний дутагдалд ордог. Тэр дутагдлыг хаах эх үүсвэр манай улсад байдаггүй. Гадаадын хөгжингүй орнуудад усан цахилгаан станц, хийн турбин ашиглан маш хурдан нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг нөхчихдөг.

Гэтэл Монголд нүүрсний турбин гинаратороор 4-5 цаг халааж байж, ажилладаг байх жишээтэй. Тиймээс өвлийн улирлын ачааллыг дааж гарахад хүндрэлтэй байдлыг сэргээгдэх эрчим хүчинд үүсгээд байгаа. Ойрын хугацаанд бид Дэлхийн банктай хамтран “Эрчим хүчний мастер төлөвлөгөө”-г боловсруулж, 2019 ондоо багтан гаргахыг зорьж байна. Бидэнд эрчим хүчний дотоод нөөц бололцоо байна шүү гэж харж байгаа. Учир нь сүүлийн гурван жилийн улсын төсвийг харахад 500 тэрбумаас нэг их наяд төгрөг хүртэл давсан биелэлттэй байна. Энэ чинь тэр байтугай усан цахилгаан станц барих мөнгө. Үүнээс харахад бид салбарын бодлогоо сайн тодорхойлж чадахгүй байна. Улсын төсөвт мөнгө илүү гарсан гээд суухгүйгээр эргэлтэд оруулж, эрчим хүчний салбарыг дэмжих хэрэгтэй” гэв.

Мөн Эрчим хүчний яамны сайд яриандаа Зүүн хойд Азийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах “Азийн супер сүлжээ”-ний төслийн хүрээнд олон улстай хамтарч ажиллаж байна. Эрчим хүчний салбарт 2019 онд хийх ажлуудаас дурдахдаа ДЦС-4” ТӨХК-ийн дөрвөн гинараторыг шинэчлэх, “ТЭЦ-3” цахилгаан станцад 75 мВт-аар шинэчлэх, 250 мВт-аар өргөтгөх хоёр төсөл хэрэгжүүлэхээр ОХУ, БНХАУ-ын компанитай хамтарч ажиллахаар болжээ. Харин Амгалан дулааны станцыг үр ашигтай болгохын тулд 50 мВт-ын гинаратор тавьж, цахилгаан дулаан хослон үйлдвэрлэдэг болгоно.

Тавдугаар цахилгаан станцын ажлыг концессоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хийх ёстой ажил байсан. Гэтэл өнгөрсөн 2017 оны сүүлчээр энэ хөрөнгө оруулалтыг хийх гэж байсан компаниуд нь гарсан гэсэн мэдэгдэл хүлээн авсан. Одоо бид хөрөнгө оруулагчдад газын турбин гинараторын төслийг хоёр гараа өргөн дэмжинэ гэдгийг хэллээ.