“Хятадын Төмөр Зам” группийн Ерөнхийлөгч Лү Бог хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын “Хятадын Төмөр Зам” /China Railway Group Limited/ группийн Ерөнхийлөгч, дэд доктор Лү Бо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус групп нь 2018 онд дэлхийн шилдэг 500 компанийн эхний 56 дугаарт нэрлэгдэж, нийт 80 гаруй улсад төмөр зам, авто замын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн талаар танилцуулав. Мөн Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцож, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км хурдны авто замыг шинээр барьж байгуулаад байгаа юм.
Түүнчлэн авто замаас гадна тээврийн салбар, тэр дундаа Таван толгой-Гашуун сухайт, Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож, нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулах замаар хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсын зам, тээврийн салбарт шинээр хийгдэх төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах өргөн боломж бий хэмээгээд талууд холбогдох төслүүдийг судлах журмаар хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр ажлын хэсэг томилон ажиллахаар санал солилцлоо.