Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өчигдөр (2019.03.26) нэгдсэн хуралдаан 19 цаг 10 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Цэцийн энэхүү дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
Цэцийн дүгнэлтийг хүлээж авах хэрэгтэй. Яагаад гэвэл бодит амьдрал дээр шүүгдэгч давж заалдах үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх эрх нь хязгаарлагдаад байгаа юм. Энэ асуудал юуунаас үүдэлтэй вэ гэхлээр 2002 оны эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулинд байсан мөрдөн байцаалт анхан шатны шүүхэд давж заалдах шүүх хэргийг буцаадаг байсан тэр зохицуулалт байхгүй болсоноос болоод хүндрүүлдэг хөнгөрүүлдэг хэвээр үлдээдэг болсон. Давж заалдах эрхийг нь хамгаалж байгаа болохоор ялыг нь хүндрүүлдэггүй. Гэтэл нөгөө талд хохирогчийн эрх гэж байгаа. Тиймээс давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд буцаадаг тэр хувилбарыг сонгох уу гэдгийг их хурал хууль зүйн байнгын хороо мэргэжилийн хүмүүстэй зөвлөлдөж байж аль нэгийг нь сонгох хэрэгтэй.