УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ үдээс хойших хуралдаанаар "Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх" асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
"1. Хоёр нэр дэвшигчийг дэмжиж байна. Прокурорын байгууллагын тогтолцоо, харьяаллын асуудлыг бид цаашдаа ярих цаг болсон. Прокурорын байгууллага ихэнх улсад гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хамруулдаг. Манай улс шүүх эрх мэдлийн абйгууллагад хамруулан ойлгодог.
Нийгмийн хэв журам хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд байдаг. Энэ утгаараа ч тэр. Авлигатай тэмцэх байгууллага ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй тул гүйцэтгэх засаглалд хамаарах ёстой. Манай Улсад хараат бус, бие даасан байлгах гэж УИХ-аас томилогддог.
2. Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа их чухал. Хуучин шүүх эрх мэдэл ба хууль хяналтын байгууллагуудын зөвлөгөөн хийдэг байсан. Энэ их үр дүнтэй байсан. Үүгээр хуулийн хэрэглээ, практик тогтолцооны талаар ярилцаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ярилцдаг байсан. үүнийг цаашид санаачлан ажиллаарай. "