Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов
2019.06.11

Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны өнөөдрийн (2019.06.11) хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийлээ. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, намын бүлгийн дэд дарга Я.Содбаатар танилцуулсан юм.

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын дагуу Засгийн газар 2016 оны 121 дүгээр тогтоолоороо “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай төлөвлөгөө” баталж, үндсэн 5 бодлогын хүрээнд нийт 383 зорилтын 1283 арга хэмжээ, аймаг орон нутагт хэрэгжүүлэх 166 арга хэмжээ, нийтдээ 1443 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийт зорилтын хэрэгжилтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар бодлогын чиглэл тус бүрээр авч үзэхэд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.7, Нийгмйин бодлого 49.0, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48.0, Засаглалын бодлого 54.6 хувьтай дүгнэгдэж иржээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 383 заалтаас зуун хувийн хэрэгжилттэй 16, далан хувийн хэрэгжилттэй 92, дөчин хувийн хэрэгжилттэй 256, огт хэрэгжээгүй 19 заалт байгаа бөгөөд хөтөлбөрт тусгасан нийт зорилтуудын гүйцэтгэл 2018 оны эцсийн байдлаар дунджаар 50.5 хувь буюу өмнөх онтой харьцуулахад 4.38 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2018 оны эцсийн байдлаар 50.5 хувьтай байна гэж дүгнэсэн нь өмнөх онд хэрэгжилтийн хувь 44.6байсантай харьцуулахад дөнгөж 5.9 пунктаар нэмэгдсэнийг хангалттай биш гэж үзсэн байна.

Иймээс бүрэн эрхийн үлдсэн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үндсэн 7 чиглэлээр нэн тэргүүнд анхаарах төсөл арга хэмжээний санал гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээр тогтжээ. Тухайлахад, юун түрүүнд үнэ ханшийн өсөлтийг хязгаарлаж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс иргэд, аж ахуйн нэгжийг хамгаалахад анхаарах, энэ чиглэлээр хөтөлбөрт туссан “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна”, “Үйлдвэрлэлд ашиглагддаг уур, ус, дулаан, цахилгааны тарифыг тогтвортой байлгаж, аажмаар бууруулах бодлого баримтална”, мөн “…малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаална” гэсэн заалтын хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах шаардлагатай гэж үзжээ.

Мөн дэд бүтэц, бүтээн байгуулалт, орон сууц, ипотекийн чиглэлээр хөрөнгө оруулалт, дэд бүтцийн чиглэлд хувийн хэвшлийн оролцоог дэмжиж ажиллах, Монгол Улс эрчим хүчээ экспортод гаргах боломжийг нээх томоохон төслүүдийг яаралтай эхлүүлэх, Улаанбаатар хотоос гадна орон нутагт орон сууцны хүрэлцээ хангамж, ипотекийн зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, малчдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, нийгмийн асуудлыг шийдэх,  4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлгийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах заалтын хэрэгжилтийг хангах, Монголын ипотекийн корпорацийн үйл ажиллагааны зардлыг бууруулах, түүнчлэн ипотекийн зээлийн хүүг 8 хувиас бууруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэж үзсэн байна.

Сайдын танилцуулга, намын бүлгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн. Мөн Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангах үүднээс Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөх чиглэлийн талаар гишүүдэд танилцуулсан юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засагт бий болсон үр дүнг авч үзэхэд багагүй амжилтад хүрсэн боловч цаашид анхаарч ажиллах асуудал цөөнгүй байна. Юуны өмнө Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого хэрэгжүүлж Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсныг онцолж байна. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2017 онд 5.3 хувь, 2018 онд 6.9 хувь болж өссөн. Энэ оны эхний улирлын байдлаар ДНБ-ий өсөлт 8.6 хувьд хүрээд байна.

Мөн гадаад валютын албан нөөц 2016 оны 7 сард 1.2 тэрбум ам.доллар байсан бол 2017 онд 3.0 тэрбум, 2018 онд 3.5 тэрбум болон нэмэгдэж, энэ оны 4 сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрсэн. Төсвийн сахилга батыг сайжруулснаар сүүлийн арван жилд анх удаа 2018 онд Монгол Улсын нэгдсэн төсөв ашигтай гарсан. Энэ оны эхний 4 сарын байдлаар төсвийн тэнцэл 286.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Экспортын хэмжээ 2016 онд 4.9 тэрбум ам.доллар байсан бол, 2017 онд 6.2 тэрбум, 2018 онд 7.0 тэрбум ам.доллар болж нэмэгдээд байна. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 3 орчим тэрбум ам.долларын ашигтай гарсан. Түүнчлэн нийгмийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилтууд амжилттай хэрэгжиж, үр дүнд хүрч буйг тэрбээр дурдлаа.

“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн хүрээнд Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2017 оны хэрэгжилт, Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан санал, дүгнэлтийг харьцуулан судалж, Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн.

Хуралдааны тэмдэглэлээр 48 арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарч 2018 онд 70-80 хувьд хүргэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Байнгын хорооноос өгсөн чиглэлийн хүрээнд 48 арга хэмжээний 2018 оны хэрэгжилтийг авч үзвэл, 100 хувьтай буюу бүрэн хэрэгжсэн 3 арга хэмжээ; 70 хувьтай буюу тодорхой үр дүнд хүрсэн 8 арга хэмжээ; 40 хувьтай буюу эрчимжүүлэх шаардлагатай 33 арга хэмжээ; 0 хувьтай буюу үр дүнгүй 4 арга хэмжээ байна. Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр өгсөн чиглэлийн гүйцэтгэл дунджаар 45.5 хувьтай байгааг Байнгын хорооны дарга гишүүдэд танилцуулсан юм.

Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэжилтийг цаашид эрчимжүүлэх талаар Үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлаж, тогтвортой байлгах; Дэд бүтэц, бүтээн байгуулалт, орон сууц, ипотекийн; Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх; Орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, ногоон хөгжлийн; Нийгэм, шинжлэх ухаан, боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн; Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хүнд суртлыг бууруулах, авлига, хээл хахуультай тэмцэх; Нийслэлийн хөгжлийг дэмжих гэсэн үндсэн 7 чиглэлээр Засгийн газарт тодорхой чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа танилцуулсан. Ингээд гишүүдээс гаргасан  саналыг нэмж тусган хуралдааны тэмдэглэлийг эцэслэн боловсруулж Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.