2019.06.25

"Хааны эрэлд-2019" энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль боллоо

Энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдах ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлж, оролцогч орнуудын энхийг сахиулагчдын гар нийлэмжтэй ажиллагааг сайжруулах зорилготой "Хааны эрэлд" энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль Монгол Улсад 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат болон Төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, цэргийн атташе нар оролцсон юм.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж хэлсэн үгэндээ "Энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилт, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, ур чадвар шаардсан хүнд ажил. Энхийг сахиулах бие бүрэлдэхүүн бэлтгэл сургуулилт тогтмол хийх нь эрсдэлт нөхцөлийг гарз хохирол багатай даван туулах нөхцөл болсон үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайжруулдаг төдийгүй хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлдэг олон талын ач холбогдолтой юм. Уламжлалт олон улсын цэргийн сургууль энхийг сахиулагч Та бүхний мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг, дадлага, туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Энэ жилийн "Хааны эрэлд" сургуульд дэлхийн 38 орны 1700 цэргийн алба хаагч бригад, батальоны түвшний команд штабын сургууль болон АНУ, Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан ротын хээрийн сургууль, олон улсын салаадуудын хээрийн сургууль зэрэгт хамрагдаж байна.

ОНОЛЫН МЭДЛЭГЭЭ ДАДЛАГААР БАТАЛГААЖУУЛНА

"Хааны эрэлд-2019" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд явагдаж байгаа АНУ, Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан ротын түвшний сургууль гурав дахь жилдээ амжилттай явагдаж байна. Энэ удаагийн хамтарсан ротын сургуульд оролцогчид одоогоор онолын сургалтандаа хамрагдаж, ажиллагааны газар оронд шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшиж байна. Тун удахгүй команд-штабын сургуульд оролцож байгаа батальоны штабаас өгөгдсөн цагийн байдлууд дээр НҮБ-ын Тогтсон ажиллагааны журам, Хүч хэрэглэх дүрмийн дагуу ажиллагаагаа зохион байгуулж, онолын мэдлэгээ дадлагаар баталгаажуулна.

Хоёр улсын хамтарсан ротын сургууль анх явагдсан цагаасаа эхлэн БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны ротын бие бүрэлдэхүүнийг тус сургуульд оролцуулсаар ирсэн. Учир нь тэднийг ажиллагааны арга, техникт сургахад анхаарч, бие даан үүрэг гүйцэтгэхэд дээд штабтайгаа харилцан ажиллагааг зохион байгуулах, бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэлийг хангах, ротын түвшинд шийдвэр гаргахад удирдлагын бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулдаг онцлогтой.

Энэ удаагийн ротын сургуульд оролцож байгаа Америк, Монголын цэргийн алба хаагчид газар зүйн баримжаалал олох, цагийн байдлыг бодит нөхцөлд ойртуулах үүднээс гарын доорх материалыг ашиглан зургаан төрлийн макетыг хийсэн нь өгөгдсөн цагийн байдлуудыг урьдчилан төлөвлөх, зохион байгуулахад илүү дөхөм болжээ.

НЭГ БРИГАД, ГУРВАН БАТАЛЬОНЫ ШТАБ ОРОЛЦОЖ БАЙНА

"Хааны эрэлд-2019" энхийг дэмжих ажиллагааны сургуулийн хүрээнд бригад, батальоны түвшний команд-штабын сургууль, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах АНУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан ротын түвшний хээрийн сургалтыг зохион байгуулж байна. Энэ жилийн команд штабын сургуульд олон үндэстний нэгдүгээр бригадын штаб, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэг батальоны штаб, АНУ-ын Тэнгисийн цэргийн болон Үндэсний гвардын батальоны штаб оролцож байна. Энэ нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчний штаб төдийгүй секторын штабт бие даан үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг болон Монгол Улсын Зэвсэгт хүчнээс БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх мотобуудлагын батальоны штабт үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдыг сурган дадлагажуулах зорилготой юм. 

Энэ жилийн команд штабын сургуулийг Монголын талын удирдагч, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн захирагчийн I орлогч, штабын дарга, хурандаа Н.Алтангэрэл удирдаж байгаа бол Номхон далай дахь АНУ-ын талаас хатагтай Криста Маграс удирдан явуулж байна. Хатагтай Криста Маграс "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн команд-штабын сургуулийг тав дахь удаагаа удирдаж байгаа бөгөөд дэлхийн 10 орчим оронд энэ төрлийн сургуулийг удирдсан туршлагатай нэгэн юм. Тэрээр энэхүү сургуулийг явуулахад Монгол Улсын БХЯ, ЗХЖШ болон Зэвсэгт хүчний Сургалтын төвийн удирдлага, хамт олон сайн дэмжлэг үзүүлж, ямарваа нэгэн цаг үетэй холбоотой хүндрэлүүдийг газар дээр нь шийдвэрлэж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн онолын сургалттай зэрэгцээд хэсэгчилсэн дадлагуудыг, янз бүрийн цагийн байдлыг өгч зохион байгуулахаар төлөвлөсөн. Ажиллагааны газар оронд шийдвэр гаргах ажлын дараалал нь нарийвчилсан дүн шинжилгээ, хугацаа шаардагддаг. Тиймээс юуны өмнө онолын мэдлэг олгосны дараа тодорхой хэмжээнд дадлагатай хослуулж явуулахыг хичээж байгаа талаар хоёр талын сургуулийн удирдагчид онцолсон.

ЭМНЭЛГИЙН СУРГАЛТ, ДАДЛАГА, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Сүүлийн гурван жилийн байдлаар "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцогчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдах олон улсын цэргийн алба хаагчид ч нэмэгдсээр байна. Энэ жилийн тухайд "Хааны эрэлд" сургуульд оролцогчдын тоо 40 гаруй хувиар нэмэгдэж өргөтгөн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бүрэн тоноглосон цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг дэлгэн ажиллуулж байгаа юм.

"Хааны эрэлд-2019" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үеэр Монгол Улс, АНУ, Израиль, Солонгос, Канадын эмч, мэргэжилтнүүд бүхий хамтарсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмнэлгийн шаталсан тусламжийг хээрийн байрлалд үзүүлж байна.

Мөн энэ жилийн сургуульд хамрагдаж байгаа эмч, сувилагчдын 70 орчим хувь нь БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх IX ээлжийн цэргийн багийн эмнэлгийн бүрэлдэхүүн багтаж байгаа юм. Эдгээр бүрэлдэхүүнийг чадавхжуулах, ажиллагааны газар оронд тохиолдож болзошгүй цагийн байдалд тулгуурлан эмнэлгийн татан гаргалтын сургалт, дадлагыг явуулж байна. Ингэснээр цэргийн багийн эмнэлгийн бүлгийн ажиллагааны өмнөх дадлага, сургуулийн чанарт сайнаар нөлөөлөх болно хэмээн "Хааны эрэлд-2019" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн эмнэлгийн төлөвлөлтийн офицер, ахмад О.Гэрэлмаа хэлсэн.

Сургуульд оролцогчдод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эмнэлгийн анхан шатны тусламжийн болон татан гаргалтын гэсэн хичээлийн хоёр цэгт Зэвсэгт хүчний ангиудын дөрвөн эмч, гадаадын 10 эмчтэй хамтран сургалт, дадлагыг явуулсан.

Эдгээр хичээл, цэг нь энхийг сахиулагчдыг байлдааны талбарт болон ажиллагааны газар оронд бусдын амь насыг аврах чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үр дүнтэй сургалт юм. Байлдааны ажиллагааны үeд цус алдалтын шалтгаантай үxэл нийт амь алдалтын 87 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Эмнэлэг хүртэлх нас баралтын 27 хувийг урьдчилан сэргийлж болох нас баралт эзэлдэг аж.