Шинэ үе,уур амьсгал хүсэл тэмүүллийг залуучууд мэдрүүлэв
2012.03.14

Шинэ үе,уур амьсгал хүсэл тэмүүллийг залуучууд мэдрүүлэв

Монголын Ардчилсан холбоо гэхээр л өвгөн партизануудаар төсөөлж, тэд өдрөөс өдөрт цөөрсөөр буй гэсэн ойлголт эндүүрэл байлаа. Монголын улс төрийн ууган төрийн бус байгууллага цаг үргэлж цус сэлгэж, өдрөөс өдөрт залуужиж ирснийг өчигдөр болсон МоАХ-ны Залуучуудын анхдугаар чуулга уулзалт нотоллоо. Монголд ардчилсан нийгмийг залуучууд байгуулсан түүхтэй. Монгол Улсын төрийн соёрхолт Д.Сосорбарам, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын ардчиллын алтан хараацай С.Зориг агсан тэргүүтэй ардчиллын анхдагчдын залуу халуун дүр төрх өнөөдөр ч монголчуудын сэтгэлд тодоос тод үлдсэн. Тэгвэл МоАХ-ны шинэ үеийг, шинэ уур амьсгалыг, шинэ хүсэл тэмүүллийг өчигдөр болсон залуучуудын анхдугаар чуулган мэдрүүлэв бололтой. 20 жилийн өмнөх ардчиллын анхдагчдыг санагдуулам залуусын баг өнөөдрийн ардчилсан нийгмийн хөгжлийг нуруундаа үүрч явахад хэзээний бэлэн болжээ.

 

Залуучуудын анхдугаар чуулга уулзалт нь Монголын Ардчилсан холбооны IV их хурал, уржигдар 5олсон "Эмэгтэйчүүд" II чуулганыг үргэлжлүүлсэн, мөн хүч нэмсэн үйл явдал боллоо. Ирээдүйн эзэд болсон залуучууд ядуу, зүдүү, авлигажсан, дарангуйлагдсан нийгэмд амьдрахыг хүсэхгүй байна. Зөвхөн танил талаараа дамжин ажилд ордог, залуу гэр бүлүүд орох оронгүй айлын хажуу ёрөөнд амьдарч, диплом өвөртөлсөн сэхээтнүүд гудамжаар нэг ажилгүй хөлхсөн ийм нийгмээс залуучууд хэдийнэ залхжээ. Тэд 2012 оны сонгуулиар түүхэн сонголт хийж, сул дорой энэ нийгмийг халж хаяна хэмээн дуу хоолойгоо нэгтгэж байна. Мөн тэд Монголын улс төрөөс С.Зориг агсны амийг нэхсэн нь, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний буруутныг тогтоохыг шахаж шаардсан нь улстөрчийн хувьд анхны сануулга боллоо. Улс төрд аалзны тор мэт сүлжигдчихээд зай завсар үлдээхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн хувьд энэ нэгэн дохио байсан л болов уу.

 Эх орны өнцөг булан бүрээс хуран цугласан МоАХ-ны залуучуудын чуулга уулзалтад ахмад үеэ төлөөлөн Дарь.Сүхбаатар хүрэлцэн иржээ. Тэр хэлэхдээ "Би эрийн сайнаар хувьсгал хийгээгүй ээ. Өвөг эцгээс минь өвлөгдөн ирсэн эх нутаг минь байсан болохоор үүнийг хийсэн юм. Цаашид ч би залуучуудыг зоригтой байгаасай, үргэлж урагшаа хараасай гэж  хүсдэг.Залуучуудаа, индэр дээрээс зоригтой дуугар, үгээ хэл" хэмээн урам хайрласан бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "АН-ын тархи буглаж, судас нь нарийсч байна. АН хөгшрөх ёсгүй" хэмээн анхааруулсан юм.

Харин Иргэний хөдөлгөөний зохицуулагч О.Магнай хэлэхдээ "20 жилийн дараа ДНБ 60 мянган ам.долларт хүрнэ гэсэн дарга нарын хоосон ярианд итгэж суух тэвчээр алга. Дахиад нэг л үеийг өнгөрөөх юм бол Монгол орны баялгийг хувийнхаа дансанд хийсэн олигархиудыг буруутгах боломжгүй болно. Баян ааваасаа болж хүү нь ял эдэлдэггүй. Тиймээс залуу  хүн  бүр  хувьсгалч   байж, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Бид одоо улс төрийн намуудыг татан буулгах ёстой, тэднийг гишүүнчлэлгүй, хур хөрөнгөгүй болгон хувиргая" хэмээн уриалсан юм. Ингэхдээ түүний үгийнхээ төгсгөлд хэлсэн "Удахгүй жагсаал эхэлнэ. Залуучууд аа идэвхтэй оролцоорой" гэсэн үг олны дунд маш олон асуулт үлдээж, гайхшрал төрүүллээ.

Үүнээс гадна Монголын Ардчилсан холбооны анхдугаар чуулганд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, рок поп урлагийн залуу үеийн төлөөлөл болж дуучин Б.Батцэнгэл /Куйза/ нар оролцож, үг хэлсэн нь эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн залуусын хувьд хүндэтгэл болсон юм. Олимпын наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар залууст мөрөөдөлтэй байхыг уриалж, өөрийнхөө амьдралын туршлагаас харамгүй хуваалцсан бол дуучин Б.Батцэнгэл авлигаас ангижирч, шударга нийгэмд амьдрахыг уриалсан юм. Х.Цагаанбаатар дэлхийд данстай том тамирчин болох агуу их хүсэл нь хэрхэн биелсэн, ямар тамирчнаас үлгэр жишээ авсан тухайгаа хуучилсан нь залуучуудад барьсан бэлэг байлаа. Харин Дархан-Уул аймгийн МоАХ-ны дарга М.Төмөртогоо хэлэхдээ "Нэг зорилготой байж, үзэл бодол маань нэг зүгт тэмүүлэх ёстой. Хамгийн гол нь залуучууд бид л эх орныхоо ирээдүйн төлөө сонголтоо зөв хийх хэрэгтэй" хэмээн уриалсан юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.