2019.07.04
ОХУ-ын Бүгд Найрамдах Дагестан Улсын Каспийск хотод олон улсын хурал боллоо
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан ОХУ-ын Бүгд Найрамдах Дагестан Улсын Каспийск хотод болсон "Цайны замын дэд бүтцийн хөгжил" сэдэвт олон улсын хуралд оролцлоо.Монгол-Орос-Хятад гурван орны төлөөлөл оролцон эдийн засаг, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбар дахь олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцав.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан илтгэлдээ цайны зам бий болох, тус замаар дамжин Евразийн өргөн уудам орон зайд нэвтрэх, гурван улсын эдийн засаг, худалдаа, соёлын харилцаа хөгжихөд, аюулгүй байдлыг хангахад монголчууд чухал үүрэгтэй оролцож ирснийг онцлон тэмдэглэлээ.
Мөн өнөөгийн нөхцөл байдалд цайны зам дагасан олон улсын хамтын ажиллагаанд Монгол улс идэвхтэй оролцохын чухлыг дурдаад, Евразийг холбосон зам харилцаа, худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа, аялал жуулчлалын гол шугам Монголоор дамжих нь олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Энэ удаагийн форумын Ерөнхий зохион байгуулагчаар ОХУ-ын Холбооны Зөвлөл, Оросын Холбооны Улсын олон улстай харилцах нийгэмлэг (РАМС) ажиллаж, ирэх жил БНХАУ-д зохион байгуулагдахаар боллоо.