“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарж, охин компани байгуулах нь хэнд ашигтай вэ
Улс төр дэх бизнес бүлэглэлүүдийн тулааны гол талбар болчихоод байсан Таван толгойн хэлэлцээрийг зогсоосон нь ирээдүйд Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөх чухал шийдвэр болсон.
Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах консерциумтай байгуулахаар төлөвлөж байсан "Хамтын ажиллагааны гэрээ", "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтээн барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ"-г байгуулахаар Монгол Улсын сайд асан М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байв. Гэрээ ч байгуулагдахаар болж Ерөнхий сайд болон оролцогч талууд гарын үсэг зурж баталгаажуулахад бэлэн болоод байсан.
Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга байх үедээ 2015 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ ”Тавантолгойн гэрээг байгуулахдаа Монголын тал ямарч санхүүгийн болон хөндлөнгийн зөвлөгөө аваагүй. Харин хөрөнгө оруулагч тал Олон Улсын нэр хүнд бүхий компаниудаас үйлчилгээ авсан. Ноцтой үр дагавартай, Монгол улсад илт хохиролтой гэрээ хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгойн ордыг ашиглах гэрээг УИХ яаралтай хэлэлцэн, шийдвэрлэх ёстой.
Хэрвээ Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар завдсан сайд нарт хариуцлага тооцож, огцруулах саналыг санаачлах болно. Ард түмний мэдлийн Тавантолгойн төслийг ийм хэлбэрээр явуулж болохгүй. УИХ-аас ажлын хэсэг гаргаж шалгуулна" гэж хэлсэн нь ард түмний нүднээс далд өрнөсөн хуйвалдааныг илчлэх эхлэлийг тавьж байв. Хэрвээ З.Энхболд тухайн үед Таван толгойн хэлэлцээрийг зогсоож, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гарган, шалгалт оруулж авч үлдээгүй бол ард түмний Тавантолгойг алдах байсан. Өөрөөр хэлбэл Таван толгой 800 сая ам.долларын өрийн барьцаанд орж Хятадын компанид шилжих байв.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 78.9 хувийгтөр, иргэд 21.486 хувийг, ААН-үүд 0.05 хувийг эзэмшиж байна. Гэтэл Засгийн газраас наадмын өмнө нэгэн анхаарал татсан тогтоолыг баталсан байна. Тодруулбал, долдугаар сарын 9-ний хуралдаанаар 296 дугаар тогтоолыг баталжээ. Уг тогтоолд ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг 2019 оны 12 дугаар сарын эхний долоо хоногт багтаан дуусгаж, үр дүнг танилцуулах, Олон Улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани байгуулах, Тавантолгой нүүрсний ордын үнэ цэнийг цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд МҮ-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанид эзэмшүүлэх, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох, 70 буюу түүнээс доошгүй хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшиж байхаар зохион байгуулах” хэмээн тусгажээ.