Л.Мөнхбаатар: Ард түмнээр хүлээн зөвшөөрөгдөх нь Үндсэн хуулийн нэг гол шалгуур төдийгүй тогтвортой үйлчлэх үндэс нь болдог
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 2 дугаар хэлэлцүүлэг дууслаа. Төслийг Улсын Их Хурал өөрөө батлахгүй, ард нийтийн санал асуулгаар батлахаар шийдвэрлэлээ. Энэ талаар таны байр суурийг сонирхвол?
- Төслийг өргөн мэдүүлснээс хойш 3 сарын турш, Улсын Их Хурал их амаргүй нөхцөлд хэлэлцэж, зөвшилцөж, санал хураалт явуулж одоогийн түвшинд ирээд байна.
Бидний 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл, өргөн мэдүүлэхэд тавьсан анхны зорилгоо хангаж чадаагүй. Хэд хэдэн зарчмын гол асуудлууд дээр өргөн мэдүүлсэн төслийн саналаас буцсан, ухралт хийсэн. Тухайлбал, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангахтай холбоотой зарим асуудал, нутгийн удирдлагын байгууллага, засаг даргыг сонгохтой холбоотой асуудал зэргийг нэрлэмээр байна. Хэдий тийм боловч огт нэмэлт, өөрчлөлт ороогүйгээс, хамаагүй дээр хувилбартай үлдлээ.
Мэдээж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хүч түрэх байдлаар биш санал зөрөлдсөн асуудлаар зөвшилцөж, хамгийн олон гишүүн санал нэгдэх боломжит хувилбарыг гишүүд, дэд ажлын хэсэгт орсон судлаачид, хуульчид, эрдэмтэд хамтран гаргаж ирсэн.
Одоо хүртэл зарим асуудлаар гишүүдийн байр суурь эсрэг тэсрэг байгаа боловч, өнөөдрийн байдлаар гишүүд хамгийн олноор нэгдэж чадсан, санал хураалтаар гуравны хоёроос дээшихийн дэмжлэг авсан хувилбар бол энэ. Одоо энэ төслийг Улсын Их Хурал үүнээс цааш явуулж чадахгүйнээ гэдгээ хэлээд, 2 дугаар хэлэлцүүлгийн дараахь төслөө ард түмнээрээ шүүлгэх хэрэгтэй. Ард нийтийн санал асуулга явуулж, энэ төслийг батлуулах эсэхээ шийдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Нөгөөтэйгүүр, Үндсэн хууль бол өргөн утгаараа нийгмийн зөвшилцөл дээр бий болдог. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцох ёстой. Мэдээж Улсын Их Хурлын гишүүд бид сонгогчдоос өгсөн мандатын дагуу, УИХ бүрэн эрхийнхээ дагуу ҮХ-д оруулах нэмэлт, өөрчлөлтиийг батлах боломжтой. Гэхдээ энэ том хэмжээний өөрчлөлтийн талаар нийт ард иргэдээсээ асууж, бүгдээрээ, нийтээрээ зөвшилцөж байж батлах нь зүйтэй гэж бодож байна.
Шинэ Үндсэн хуулийг аймаг, сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан. Тухайн үед Монголын хүн ам хоёр сая дөрвөн зуугаад мянган байсан бөгөөд 900 мянган хүн санал асуулгад оролцож, ирсэн саналын 40-өөд хувийг Үндсэн хуульд тусгасан байдаг.
Ер нь бол Үндсэн хууль ард түмнээр хүлээн зөвшөөрөгдөх нь түүний оршин тогтнох нэг шалгуур нь болдог. Иймд Ард нийтийн санал асуулга явуулж, бидний хэлэлцэн гаргаж ирсэн энэхүү төслөө, хэрхэхийг шийдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
- Анх өргөн барьсан төслийн хамгийн чухал заалтуудыг санал хураалтаар хасаад өөх ч биш булчирхай ч биш төсөл ард нийтийн санал асуулгаар батлуулах гэж байна гэдэг шүүмжлэл байна?
- Статистикийн хувьд бидний анх өргөн мэдүүлсэн төсөл Үндсэн хуулийн 53 заалтыг хөндөснөөс 34 нь 2 дугаар хэлэлцүүлэгт дэмжигдсэн. Өргөн мэдүүлсэн төслийн 80 орчим хувь нь дэмжигдсэн гэсэн үг. Тодорхой асуудлуудаар өргөн мэдүүлсэн төслийн саналаас буцсан, ухралт хийсэнд харамсаж байна. Тухайлбал,Үндсэн хуулийн 41-р зүйлийн 1-т “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн нь Засгийн газар танхимын зарчмаар ажиллах суурь концепци юм. Ерөнхий сайд нь Засгийн газраа удирдаж, Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох төдийгүй, Засгийн газраа бүрдүүлэх ёстой.
Харин Улсын Их Хурал сайд нарыг буюу Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлж байгаа одоогийн процесс нь энэхүү суурь зарчмыг алдагдүүлахад хүргэж, Засгийн газар тогтворгүй ажиллаж, сүүлийн 27 жилд 17 Засгийн газрын нүүр үзсэн. Иймд үүнийг засаж, танхимын гишүүдээ Ерөнхий сайд нь бүрдүүлдэг байхаар төсөл өргөн мэдүүлсэн боловч, энэ санал 2 дугаар хэлэлцүүлгээр гишүүдийн гуравны хоёроос дээшихийн дэмжлэг авсангүй.
Төсөлд туссан дараагийн нэг чухал санал бол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлэх, түүнийг Ерөнхийлөгч тогтоосон хугацааны дотор батламжлах агуулгатай заалт байсан. Энэ нь төрийн эрх мэдлийн 3 салаа мөчрийн харилцан хяналт тэнцвэрийг хангах, шүүгчийн хараат бус байдлыг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай заалт байсан. Харамсалтай нь энэ заалтыг төслөөр хасахаар болсон.
Түүнчлэн нутгийн удирдлагын байгууллага, Засаг даргыг сонгох, томилохтой холбоотой орон нутагт хийсэн хэлэлцүүлгүүдийн үеэр иргэдийн дэмжлэг ихээр авч байсан зарим асуудал санал хураалтаар унасан.
- Ийм амин чухал заалтуудыг нь хасахаар одоо энэ төслийг батлах шаардлага байна уу?
- Хэдийгээр эдгээр саналууд хасагдсан ч төсөлд үлдсан бусад асуудлууд бас л Үндсэн хууль зайлшгүй хийх ёстой өөрчлөлтүүд юм.
Тухайлбал, 2000 оны “дордуулсан” гэх 7 өөрчлөлтийг засаж байгаа, үүнд, УИХ-ын 20 гишүүн хууль батлах боломжтой байсныг хамгийн багадаа 39 гишүүн дэмжснээр хууль батлагддаг байхаар өөрчлөх, УИХ-ын ээлжит чуулган ажлын 50-иас доошгүй хоног чуулдаг байсныг 75 –аас доошгүй хоног чуулдаг байхаар хугацааг нэмэгдүүлсэн гэх мэт. Мөн давхар дээлний асуудлыг хязгаарласан. Засгийн газрын 4 гишүүн л Улсын Их Хурлын гишүүний чиг үүргийг давхар эрхлэх боломжтой болсон. Цаашид Улсын Их Хурлын нийт бүрэлдэхүүний бараг дөрөвний нэг нь Засгийн газрыг бүрдүүлдэг явдал байхгүй болно.
Шүүгчийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, огцруулах шийдвэрийг гаргах Шүүгчийн харицлагын зөвлөлтэй болсон.
Төрийн аливаа бодлого, шийдвэрийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан гаргахаар өөрчлөгдсөн, төсвийг батлахдаа Улсын Их Хурал дураараа төсвийг зарлага, алдагдлыг нэмэгдүүлдэг явдлыг хязгаарласан.
Түүнчлэн орон нутгийг хөгжүүлэх, цаашилбал төвлөрлийг сааруулах зорилготой хэд хэд өөрчлөлт Үндсэн хуульд орж байгаа. Тухайлбал, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, орон нутаг өөрөө татвар тогтоох, хот, тосгоныг хөгжүүлэх асуудлууд орсон.
Яах аргагүй амин чухал гэсэн зарим өөрчлөлтүүд Үндсэн хуульд орох боломжгүй болсон ч, дээр дурдсан өөрчлөлтүүд мөн л улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, төрийн байгуулал, төрийн үйл ажиллагаанд эерэг үр дүн бий болгох, зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүд юм.
- Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлагч, түүнчлэн өөрөө хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байсан. Үүндээ Хатгал тосгоны асуудлыг хөндсөн санал гаргаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
- Анх өргөн мэдүүлэхдээ төслийн зарим асуудлын тухайд санал нийлэхгүй байсан боловч, УИХ-ыг илүү хариуцлага, сахилга баттай байлгах, гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг хангах, Ерөнхий сайд сайд нараа томилох, чөлөөлөх огцруулах, мөн 2000 оны 7 өөрчлөлтийг залруулж байгаа зэрэг үндсэн асуудлуудыг дэмжиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн тул, миний бие уг төслийг санаачлагчдын нэг болсон. Иймд санаачилсан төслөө дэмжиж байсан хэдий ч зарим асуудлын үндэслэл, ач холбогдлоос шалтгаалан тодруулах болон өөрчлөх шаардлагатай гэж үзэж саналаа гаргаж хэлэлцүүлсэн.
Би нийтдээ 15 зарчмын зөрүүтэй санал гаргасан. Мэдээж төслийн үндсэн концепцийн хүрээнд төслөө сайжруулах, зарим асуудлаар зарчмын өөр хувилбар санал болгох зэрэг санал байснаас ихэнх нь шууд болон ажлын хэсгийн саналд нэгтгэгдэх замаар дэмжигдэж төсөлд тусгагдсан, цөөн хэд нь дэмжигдээгүй.
Хатгал тосгоны тухай ярьсан асуудал гэвэл, ерөнхийдөө хот, тосгоны статус, эрх зүйн байдлыг тодорхой болгох талаар санал гаргасан.
Одоогийн хот, тосгон нь төсвийн, газар нутгийн, төрийн удирдлагын ямар ч чиг үүрэг, эрх мэдэл байхгүйгээс манайд Улаанбаатараас өөр хот үүсэхгүй байгаа. Аймгийн төвүүд яах аргагүй томоохон суурингууд байдаг боловч эдгээр суурингууд нь хотжиж чадахгүй, хот болох эрх зүйн үндэс нь бүрдэхгүй байсан.
Түүнчлэн тосгоны асуудлууд байдаг. Зарим нь сумын төвөөс ч том тосгон, зарим нь сумынхаа нийт хүн амын талтай тэнцэх хэмжээний хүн амтай тосгон, зарим нь бүр жижиг ч байна.
Хэдийгээр олон хүн төвлөрсөн том суурин боловч тосгон гэдэг утгаараа сумаас өөр статустай, төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хувиарлалт, төрийн үйлчилгээний хүртээмж гээд бүх юмаараа дутуу, сумын төвөөсөө зайтай суурингууд байдаг. Сум нь төсвөө тэр олон хүнтэй сууриндаа хүргэх үү, бусад багууддаа хэрхэн хүртээх үү гэх мэтчилэн асуудал байдаг. Манай Хөвсгөл аймгийн хувьд хувьд Алаг-Эрдэнэ суманд байдаг Хатгал тосгон байна. Иймэрхүү суурин газрыг дэмжснээр тухайн орон нутгийн хөгжил, тэнд амьдарч байгаа иргэдийн ахуй амьдралд сайн төдийгүй төвлөрлийг сааруулах зорилттой нийцэх юм.
Нөгөө талаас засаг захиргааны нэгж буюу жишээ авсанчлан Алаг-Эрдэнэ сумын хувьд мөн ашигтай. Засаг захиргааны нэгж дэх хот, тосгон нь эдийн засгийн хувьд хүчтэй болж, жинхэнэ хот, тосгон гэдэг хэмжээндээ хүрснээр дэд бүтэц, нийгэм, соёл, боловсрлын үйлчилгээ нь дагаж хөгждөг. Засаг захиргааны нэгж дотроо хүчтэй хот, тосгоныг хөгжүүлэх нь хүн амын төвлөрүүлэх, төсөв санхүүгээ нэмэгдүүлэх, орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдээ нутаг орондоо ая тухтай амьдруулах асуудалтай шууд холбогдох учраас аймаг, сум өөрсдийн хот, тосгоноо хөгжүүлэх ашиг сонирхол нэмэгдэнэ. Иймд энэ миний бие болон бусад олон гишүүн энэ талаар санал гаргаж хэлэлцэж, гишүүд нэгдсэн ойлголцолд хүрч, санал дэмжигдсэн.
- Ард нийтийн санал асуулгыг ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын алийг сонгох талаарх асуулгатай хамтатган зохион байгуулах санал Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан. Энэ талаар та юу гэж үзэж байна вэ?
- Зарчмын хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулга төрийн засаглалын хэлбэр сонгох асуудлаарх санал асуулга нь тэс өөр 2 асуудал гэдэг нь ойлгомжтой. Парламентын засаглалаа бэхжүүлэх чиглэлээр Үндсэн хуулиа сайжруулан батлуулахаар санал асуулга явуулж байж давхар парламентын засаглал уу, ерөнхийлөгчийн засаглал уу гэж иргэдээсээ асуух нь логикгүй зүйл.
Нөгөө талаас хууль зүйн хувьд эргэлзээтэй. Парламентын засаглал уу, ерөнхийлөгчийн засаглал уу гэдэг сонголт бол ардын нийтийн саналын асуулгын гэхээсээ илүү шинэ Үндсэн хуулийн асуудал юм.
Одоогийн Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсад Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төлөөлөгчдийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, иргэдэд засгийн бүх эрх мэдэл байгаа бөгөөд түүнийгээ ерөнхийлөгчөөр биш төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагаар буюу УИХ-аар дамжуулан эдэлнэ гэсэн байна. Ийм Үндсэн хуулийн хүрээнд Улсын Их Хурал нь ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх талаар санал асуулга явуулах шууд шийдвэр гаргах боломжтой эсэхэд эргэлзэж байна.
Харин хууль санаачлагч шинэ Үндсэн хууль боловсруулах, хэлэлцүүлэх хүрээнд магадгүй ийм санал асуулга явуулж болох юм. Нөгөөтэйгүүр ийм санал асуулга явуулах нөхцөл үүсээгүй, цаг хугацаа нь биш гэж үзэж байна.
- Ардын нийтийн санал асуулга явуулаад хэрвээ Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийг төслийг дэмжихгүй бол яах вэ?
- Хуулиараа Улсын Их Хурал хэрвээ 3 дахь хэлэлцүүлгээ хийгээд санал хураахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталж чадахгүй бол дараагийн шинэ Улсын Их Хурал бүрэлдтэл дахин хэлэлцэх боломжгүй.
Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал 2 удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал авч эс чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурлын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй” гэж заасан байдаг.
Харин ард нийтийн санал асуулга явуулаад төсөл дэмжигдэхгүй, эсхүл санал асуулга явуулах ирц хүрээгүй бол 8 жил уг асуудлыг буюу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хөндөгдсөн асуудлыг дахин ярих боломжгүй болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл гэдгийг ард нийтийн санал асуулга явагдсан төслийн хүрээгээр ойлгоно. Ард нийтийн санал асуулга явуулах хамгийн эрсдэлтэй тал нь энэ юм даа.
Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэмжигдсэн тохиолдолд, уг төсөл өөр ямар ч өөрчлөлтгүйгээр батлагдсанд тооцогддог. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нь санал асуулгад оролцогчдын олонхи дэмжснээр хууль ёсны, ард нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нэмэлт, өөрчлөлт болж удаан хугацаанд, тогтвортой үйлчилж, түүнийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэхэд илүү хялбар болно.
Ярилцсан Э.Анир