“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит 2019-2020 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг БСШУСЯ, МУИС дэмжин ажилласан юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулах ёслолын ажиллагааны нээлтийн үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийдгийн нэг нь энэхүү оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр юм. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг зөвхөн сурлагын голч дүнгээс гадна идэвхи санаачилга, бие даах чадвараа хэр хөгжүүлсэн зэргийг нь харгалзаж шалгаруулсан. Тэтгэлэг авч суралцсан оюутнууд эргээд эх орондоо маш том хөрөнгө оруулалтыг хийх ёстой. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 850 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна. Энэ бол 3 дугаар улирлын төлөвлөгөөгөө 30 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт юм. Бид 2019 онд Монгол Улсад анх удаа борлуулалтын орлогоо нэг тэрбум долларт хүргэх зорилготой ажиллаж байна. Та бүхэн улсдаа төдийгүй дэлхийд өндөр үр ашгаараа үнэлэгдэж буй компанийн нэрийн өмнөөс суралцаж буй оюутнууд боллоо, та бүхэнд баяр хүргэе.” гэлээ.
МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан Дэд захирал “Б.Очирхуяг
Оюутнуудад тэтгэлэг олгоно гэдэг бол оюуны хамгийн том хөрөнгө оруулалт юм. Оюутан залууст оюуны хөрөнгө оруулалт хийж буй “Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн хамт олонд талархал илэрхийлье. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын хувьд маш том үүрэг хариуцлага ирж байна гэсэн үг. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж цаашид эх орондоо илүү хийж бүтээх мэргэжилтэн болж төгсөнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Политехникийн коллежийн Захирал Б.Түвшинбаяр
“Эрдэнэс-Тавантолгой” ХК орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж ирээдүйн хөгжлийг түүчээлэх залуусын оюунд бодитой хөрөнгө оруулалт хийж буйд нийт оюутан залуусынхаа өмнөөс талархал дэвшүүллээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос уламжлал болгон Өмнөговь аймгийн харьяат оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хамруулж байсан бол энэ жилээс эхлэн анх удаа улсын хэмжээнд тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан юм.
Энэ жилийн хувьд улсын хэмжээний их дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, цахилгааны инженерээр суралцаж буй 2-4-р курсын өдрийн ангийн 3.2 болон түүнээс дээш сурлагын голч дүнтэй оюутнууд хамрагдах боломж олгосон юм.
Мөн үүнээс гадна Өмнөговь аймгийн харьяат оюутнууд мэргэжил харгалзалгүй сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж батламжаа гардлаа.
Одоогийн байдлаар компанийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 256 оюутан хамрагдаад байна.