Улс төрийн намын тухай хуулийг сонгуулийн өмнө батална
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн А.Ундраа, Ц.Мөнх-Оргил нар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Улс төрийн намын тухай хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгохоор холбогдох хуулийг өөрчлөхөөр хэд, хэдэн парламент дамнан ярьсан ч шинэчлэн найруулж чадаагүй.
Энэ удаагийн парламент мөн л улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн.
Хууль эрхзүйн орчин тааруу, хумигдмал байгаа ч төрийн бус байгууллагууд Монголд улс төрийн намын тухай хууль эрх зүйн орчныг шинэчлэх цэгцлэх чиглэлд тодорхой ажлууд хийсээр ирсэн.
Тэгвэл “Улс төрийн намын болон иргэний нийгмийн тухай хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг Авлигын эсрэг “Шилэн нам” түншлэл болон “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ хамтран өнөөдөр /2019.11.12/ зохион байгуулсан юм.
ДЭЛХИЙН 121 УЛС ҮНДСЭН ХУУЛИАР УЛС ТӨРИЙН НАМЫГ БАЙГУУЛАХ, ЗАРЧМЫН ЧИГ ҮҮРЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛСАН БАЙНА
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монголд улс төрийн намууд борооны дараах мөөг шиг олон болжээ. Бараг л хүн бүр улс төрийн нам байгуулан, зарим нь бүр 2-3 намын тамга халааслаад явж байдаг болсон байна. Тиймээс улс төрийн нам байгуулах босго, шалгуурыг өндөр болгох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс гаргасан. Ерөнхийдөө 50 мянга дээр нэмэх нь нэг дээр тогтож, Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд саналаа өгсөн.
Энэ асуудлаар парламентаар хэлэлцүүлэг хийхэд намын босго оноо хэтэрхий өндөр байна гэж үзээд намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулах заалтыг оруулсан.
Дэлхийн 121 улс Үндсэн хуулиар улс төрийн намыг байгуулах, зарчмын чиг үүрэг зохион байгуулалтыг зохицуулсан байдаг. Тухайлбал, 94 улс, улс төрийн намд тавигдах хязгаарлалтыг, 38 улс, улс төрийн намуудын санхүүжилтийг үндсэн хуулиар зохицуулсан байна.
Улс төрийн намын тухай хуулийг 1990 онд баталснаас хойш 2005 онд шинэчилж найруулсан. Гэсэн хэдий ч хуулийн хүрээнд улс төрийн намууд үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл тулгарсаар ирсэн. Намын санхүүжилт хэн нэгнээс хараат байх, намын бүтэц зохион байгуулалт, намын бодлогыг сайжруулахад чиглэсэн ямар ч бодлогогүй өнөөдрийг хүрсэн.
Тухайлбал, улс төрийн намуудын санхүүжилтэд дотоод хяналтаас гадна өөр хяналт тавих хөндлөнгийн нэгж байхгүйгээс санхүүгийн тайландаа аудит хийлгэж олон нийтэд мэдээлэх үүргээ хэрэгжүүлдэггүй.
Мөн улс төрийн намыг өөрсдийн гишүүн нь татаж буулгахаас бусдаар татан буулгах эрхзүйн орчин байхгүй байгаа нь хамгийн том асуудал болж байна. Энэ бүх асуудал 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулалгүй орхигдуулснаас үүссэн болох нь онол, практикийн хувьд батлагдаж байгаа.
Тийм ч учраас 2005 онд баталсан хуулийг шинэчлэн найруулах, Үндсэн хуульд улс төрийн намын тухай тодорхой зохицуулалтыг оруулах шаардлага бидэнд үүссэн. Цаашид Үндсэн хууль батлагдсаны дараа Сонгуулийн тухай хуулийг батлан ирэх намрын чуулганд багтааж, улс төрийн намын тухай хуулийг батлах зорилготой ажиллаж байна” хэмээв.
УИХ-ын гишүүн А.Ундраа “Маргааш /2019.11.13/ УИХ-ын чуулганаар 2020 оны төсвийг төлөвлөгөө ёсоор хэлэлцүүлж дуусах юм бол 4-5 дахь өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гурав дахь хэлэлцүүлгээ хийе гэсэн төлөвлөгөөтэй хууль тогтоогчид ажиллаж байна. Улс төрийн намын тухай хууль эцэг хууль буюу Үндсэн хууль хэрхэн батлагдахаас хамаарч бусад дагалдах хууль хэдийд батлагдаж, хэзээнээс хэрэгжиж эхлэх эрэмбэ дараалал нь улс төрийн намын хуулийн хэрэгжилтэд чухал үүрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь одоо хэлэлцэгдэж байгаа төлөвөөрөө батлагдвал он гарахаас өмнө заавал хэлэлцэх ёстой өөр нэг асуудал нь сонгуулийн тухай хууль юм. Ээлжит сонгууль 2020 оны зургадугаар сарын сүүлээр болно.
Тиймээс сонгууль болох угтвар ажлын хүрээнд сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батлах ёстой. Харин улс төрийн намын тухай хууль нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнө батлагдана. Гэхдээ 2020 оны сонгуулийг одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд явуулах чигтэй ажиллаж байна” гэв.
ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ЭНЭ ХЭВЭЭР БАТЛАГДАХ ЮМ БОЛ ОДОО БАЙГАА 35 НАМААС ЗУРГААХАН НАМ Л ҮЛДЭНЭ
Улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од “Улс төрийн намын тухай хууль намуудыг ил тод бус, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага хүлээдэггүй институц болоход нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудад хууль үйлчлэхгүй байна. Олон нийт улс төрийн намуудыг илүү хариуцлагатай, нээлттэй болж төлөвшөөсэй гэсэн хүлээлттэй хэвээр байгаа юм.
Харамсалтай нь, намууд өнөөдрийг хүртэл нийгмийн хүлээлтэд оновчтой хариу өгөхгүй байгаад асуудал байдаг. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд манай улс улс төрийн намын тухай хоёр ч хуулийг баталж, мөрдлөө.
Улс төрийн намын тухай анхны хуулийг 1990 онд баталж байсан. Түүнээс хойш 15 жилийн дараа буюу 2005 онд уг хуулийг шинэчлэн найруулж баталснаар өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. 2005 онд баталсан хууль нь өнөөгийн намуудыг нүсэр том олон гишүүнтэй, данхар бүтэцтэй байхад нөлөөлсөн эрхзүйн орчин гэж судлаачид дүгнэдэг.
Энэ хуулийн үр дүнд Монголд өнөөдрийг хүртэл нэг нам давамгайлсан улс төрийн тогтолцоо хадгалагдаж байгаа. Системийнх нь хувьд өнгөрсөн 30 жилийн түүхийг аваад үзэхэд Монгол ардын нам л давамгайлсан улс төрийн тогтолцоо байгаа гэдгийг би нуухгүй.
Харин одоо нийгэм, улс төрийн, цаг хугацааны хувьд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсчхээд байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийн 19.2 дахь хэсэгт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн саналыг хэлэлцэж дэмжсэн.
Энэ заалт нь сонгогчдын нэг хувь хүрэхгүй тооны гишүүнчлэлтэй улс төрийн 29 намыг тарах, эсвэл нэгдэхийг шахсан, намын хатуу гишүүнчлэлийг тулган хүлээлгэх үндэслэл болж байна. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ хэвээр батлагдах юм бол одоо байгаа 35 намаас зургаахан нам л үлдэж бусад 29 нам татан буугдана эсхүл ямар нэгэн байдлаар нэгдэнэ.
Энэ нь ирээдүйд улс төрийн нам цоо шинээр үүсэх боломжийг үгүй хийх юм. Магадгүй 10-20 жилийн дараа залуус эвлэлдэн нэгдэж эрхээ эдлэх боломжгүй болгож байгаа нь маш том хортой. Өөрөөр хэлбэл, дунджаар 15-16 нам сонгуульд өрсөлддөг байсан бол одоогийн хууль батлагдах юм бол ирэх сонгуульд 5-6 улс төрийн нам л өрсөлдөнө гэсэн үг.
Цоо шинээр нам байгуулах ямар ч боломж байхгүй. Үндсэндээ улстөрчид сайн, сайхан зүйл хийх гэж харагдаж байгаа мэт боловч хажуугаар нь саар зүйл хийх гэж оролдож байна гэж хардаж байна. Улс төрийн нам гэдэг нь дотоод ардчилалтай, улс орныг хөгжүүлэхийн тулд нэгдсэн бодлоготой, байгууллага байх ёстой. Харамсалтай нь Монголд байгаа намууд хоорондоо ямар ч ялгаа байхгүй. Сонгогчид тэдэнд итгэхгүй байгаа шалтгаан нь улс төрийн намуудын мөн чанарын хувьд ялгаж харж чадахгүй учраас тэр” гэлээ.