Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална
2019.12.06

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийх албан ёсны айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисяныг энэ сарын 4-нд Москва хотноо хүлээн авч уулзсан байна.

Уулзалтаар, Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын багийн III хуралдаан өнгөрсөн 10 дугаар сард амжилттай болсныг тэмдэглэж, энэ удаагийн айлчлалын үеэр, Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс 2020-2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурж буйд баяртай байгаагаа талууд илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах нь Монгол Улсын тэргүүний зорилт болохыг онцлов.

Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь бодит нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлж, үүнийг хамтран судлах Ажлын баг гаргаж, эдийн засгийн үр ашгийг нарийвчлан тооцох санал дэвшүүлэв. 

Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисян манай саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, ажил хэрэг болгоход Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тус бүрийн дэмжлэгийг авахын чухлыг тэмдэглэв.