Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төсөл өргөн барилаа
2019.12.13

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.12.13/  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Санхүүгийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүгийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын харилцан тохиролцсон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр” нь УИХ-аар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэргэжилтийг дэмжих, Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэсэн.

Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцжээ.

Хөтөлбөрийн 3 үе шатанд нийт 33 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс эхний шатанд 9 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Хөтөлбөрийн 2 дахь шатны 10 бодлогын арга хэмжээг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк болон Монгол Улсын Хөгжлийн банк тус тус хариуцан хэрэгжүүлсэн.

Уг хөтөлбөрийн хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилтийг  авч байна.

Санхүүгийн хэлэлцээр, Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хураалдаанаар хэлэлцэн дэмжжээ.

Хөтөлбөрийн хүрээнд авах 100 сая ам.долларын санхүүжилт нь төсвийн шууд дэмжлэг хэлбэрээр улсын төсөвт орох тул төсөв, санхүүгийн болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг салбарын сайд онцоллоо.