Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
2019.12.24

Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. 

НҮБ-д олон жил ажиллаж, тэр дундаа БНАСАУ-д алба хашсан, Зүүн Хойд Азийн бүс нутгийн нөхцөл байдлын талаар мэдлэгтэй хүн Монгол Улсад томилогдон ирсэнд талархаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв.

Мөн НҮБ нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг тууштай дэмжиж ирснийг тэмдэглэв. НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлэн 2019 онд “Үндэсний сайн дурын илтгэл”-ээ тайлагнаж “Тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь бүрдсэн” гэсэн үнэлгээ авсныг хэлэв.

Монгол Улс нь хөгжлийн чадавхи, нөөц, боломж сайтай орон гэж үздэгээ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра илэрхийлэв. “НҮБ-аас 2017-2021 онд Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ“ баримт бичиг хэрэгжүүлдэг. ”Хөгжлийн хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих, Нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн чанартай, тэгш үйлчилгээг нэмэгдүүлэх, Олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх” гэсэн үндсэн чиглэл бүхий, 79 сая ам.долларын төсөл, хөтөлбөрт үнэлгээ өгч, хөгжлийн шинэ баримт бичиг боловсруулахаар төлөвлөж байгааг хэлэв. Цаашид харилцан уялдаатай, нэгдмэл, залгамж чанартай, тогтвортой байдлыг хангасан, сайжруулсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгдлээ. 

Уулзалтаар үер, ой, хээрийн түймэр, зуд, ган гачиг, малын гоц халдварт өвчин, газар хөдлөлт зэрэг гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.