Шинэ нам: Салхитын мөнгөний ордыг барьцаалж олох 750 тэрбум төгрөгийг бүх ахмадад тэгш хүртээх ёстой
ШИНЭ намын дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр /2020.01.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан тэтгэврийн зээлийн нэг удаа тэглэх зөвлөмжтэй холбоотой байр сууриа илэрхийлэв. ШИНЭ намын Удирдах зөвлөл өчигдөр /2020.01.07/ хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргажээ.
Салхитиын мөнгөний ордыг барьцаалж, бонд босгож гаргах 750 тэрбум төгрөгийг тэтгэврийн бүх ахмадад өгөх нь зүйтэй гэдэг шийдвэрийг ШИНЭ намын Удирдах зөвлөлөөс шийдвэрлэжээ. Тэд энэхүү саналаа УИХ-д оруулж байгаа аж.
УИХ-ын гишүүн Л.Болд: Тэтгэвэрийн зээлийг тэглэх асуудал бол хүний эрхэнд халдаж байгаа мөн Үндсэн хуулийн суурь зарчмыг ноцтой зөрчсөн хэрэг болно. Хуулийн өмнө тэгш эрхтэй иргэн банк хоёр хоорондоо зээлийн харилцаанд орсон байхад гуравдагч этгээд төр дундаас нь орж хүссэн хүсээгүй хүний зээлийг өмнөөс нь төлж дээрээс нь тэр хүнийг дахиж хэзээ ч зээл авдаггүй болгож хаана гэдэг бол хамгийн бүдүүлэг шийдвэр. Үүнийг Шинэ нам эсэргүүцэж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Салхитын мөнгөний ордыг барьцаалж, бонд босгох замаар 750 тэрбум төгрөгийг гаргаж, тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн шийдвэр гаргасан байна. Энэ зөвлөмж нь Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ирж, хуулийн төсөл болон хэлэлцүүлэгт орохоор болж байна. Монгол Улсын нийслэлд 305 мянган ахмад бий гэх мэдээлэл байна. Тэтгэврийн зээлтэй ахмадын тоо 240 мянга байна. Энэ 750 тэрбум төгрөгийг 240 мянган ахмадын тэтгэврийн зээлийг хаахад зориулах нь ялгаварлаж байна гэх гомдол ирж байна. Нөгөө талаараа Үндсэн хууль зөрчиж байна" хэмээн ярилаа.
Түүнчлэн "Салхитын мөнгөний ордыг барьцаалж олох 750 тэрбум төгрөгийг бүх ахмадад тэгш хүртээх ёстой. Тооцоогоор бол 750 тэрбум төгрөгийг бүх ахмадад хуваахад нэг хүнд ойролцоогоор 2.5-3 сая төгрөг болж байна. Хэрэв бидний саналыг хүлээж авахгүй бол ШИНЭ нам жагсаал зохион байгуулж, суулт хийх болно" хэмээн мэдэгдлээ.