2009.01.26

Төмөр замд хямралыг давах ямар ч тооцоо, төлөвлөгөө алга

-ЗТБХБЯ-наас Төмөр замд шалгалт хийх ажлын хэсэг томилогджээ-

Манай улсын төмөр замын салбар хүнд байдалд орсон, ачаа тээвэр, зорчигч байхгүй хэцүүдэж байгаа тухай мэдээлэл ойрд тасрахгүй байгаа. Нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулга өчигдөр төмөр замд “зочлов”. Сайд гэхдээ ажилтай нь танилцана гэж хэд хоногийн өмнөөс хэлж бэлтгэх боломж олголгүй, санаандгүй байхад нь ийнхүү очсон юм. УБТЗ-ын вокзал, Зүтгүүрийн депогоор оров. Биднийг очиход Улаанбаатар-Замын-Үүдийн суудлын 276 дугаар галт тэрэг аялалд гарах гэж байсан юм. Энэ чиглэлд өмнө нь 22 вагонтой цуваа явдаг байсан бол зорчигч цөөрснөөс долоон вагон л явж байгаа ажээ. Уг нь, өмнөх жилүүдэд Цагаан сар дөхсөн өдий үед Замын-Үүдийн билет олдохгүй, наймаачдын ачаа бараа гүйцэгдэхгүй байдагсан. Гэтэл одоо долоон вагон нь ч дүүрэхгүй байгаа гэнэ.


ЗТБХБ-ын сайд вагонд орж үзэхийг хүссэний дагуу төмөр замын удирдлагууд нийтийн вагонд нэвтрүүлэв. Суудлын вагоноос бие засах газар, нүүрсний үнэр ханхийдэг хэвээрээ л байна билээ. Төмөр замын ачаа тээвэр, зорчигчдын урсгал дөрөв дахин буурсан гэж УБТЗ-ын дарга В.Отгондэмбэрэл танилцуулах нь дуулдсан. Өнгөрсөн жил л гэхэд тус байгууллага 28 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэнэ. Харин он гарсаар ямар байгаа талаар удирдлагууд нь юу ч хэлээгүй, оны эхний сард хэчнээн хэмжээний алдагдал хүлээж байгаагаа тэд тооцоолоогүй бололтой. Зорчигч, дотоодын нүүрс тээврээс үүдэн хамгийн их алдагдал үүрдэг гэж Төмөр замын дарга нар тайлбарлаад байгаа. Тэгсэн атлаа зорчигчдын тоо буурсныг тэд дахин дахин онцолж, их л харамсангуй ярив. Алдагдалтай тээвэр буурч л байвал тэдэнд сайн байддаггүй юм байх даа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.