Ноос ноолуур, арьс шир, чацаргана, био бордоо, гоо сайхны бүтээгдэхүүнээрээ “Ногоон долоо хоног”-т оролцов
Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур”, “Монгол экспорт” хөтөлбөр бодлогын баримт бичгүүдийг боловсруулан батлуулан, хэрэгжүүлж байна.
Байгаль орчинд ээлтэй шинэ, дэвшилтэт техник, технологи үйлдвэрлэлд нэвтрүүлж, олон улсын чанар, аюулгүйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, зорилтот үзэсгэлэн яармаг, бизнес форумд оролцох, зохион байгуулах зэрэг олон чухал арга хэмжээ хөтөлбөрт тусгагдсан.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо 2020 оны 01 дүгээр сарын 17-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ Ногоон долоо хоног” хүнс, хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэн яармагт дэлхийн 90 гаруй улс оролцсоноос Монгол Улс улсаа сурталчлан амжилттай оролцлоо.
Энэ жил 85 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнд улс орнууд өөрсдийн онцлогийг харуулсан органик хүнсний бүтээгдэхүүний амтлагааг танилцуулга, худалдаа, хоол үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, газар тариалангийн техник хэрэгсэл, үүлдэр омгийн мал, үндэсний түүх соёл ёс заншлаа дэлгэн харуулсан томоохон үзэсгэлэн болж өндөрлөлөө.
Энэ удаагийн үзэсгэлэнд манай улс ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, чацаргана, био бордоо, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг 10 гаруй үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлан танилцуулсан юм. Мөн түүхэн уламжлал соёлыг сурталчлах үүднээс монгол гэр барьж, үндэсний урлагийн уран бүтээлчдийн тоглолтыг өдөр бүр толилуулж оролцсон нь үзэсгэлэнг үзэхээр ирсэн үзэгчдийн сонирхлыг ихэд татлаа.
Үзэсгэлэнгийн үеэр манай улсын ноос, ноолууран бүтээгдэхүүн, чацаргана, био бордоо зэрэг бүтээгдэхүүн европын хэрэглэгчдэд ихэд таалагдаж цаашид хамтран ажиллах боломж байгааг илэрхийлж европын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулсан юм.
Цаашид “Ногоон долоо хоног” хүнс, хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэн яармагт жил бүр Монгол Улсыг сурталчлан оролцож, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн европын зах зээлд таниулах нь чухал байна.
“Ногоон долоо хоног” Хүнс, хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэнг ерөнхий зохион байгуулагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, хамтран зохион байгуулагчаар Гадаад харилцааны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яам, Худалдааг дэмжих Трам төсөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Герман-Монголын эдийн засгийн клуб, Төвд агентлаг хамтран ажиллалаа.