2020.03.16
БНСУ-аас 244 иргэнийг тээвэрлэн авч ирлээ
Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнөөдөр /2020.03.15/ 16:40 цагт МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авч ирлээ.
Шинэ коронавирусын голомтот бүс нутаг БНСУ-аас ирсэн учир биеийн байдал, зорчих хөдөлгөөнд хийсэн, оршин сууж байсан газар зэргийг нь харгалзан шууд Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт хуваарилан тээвэрлэлээ.
Нэн тэргүүнд мэс засалд орсон, хүнд өвчтэй зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 50 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, 184 хүнийг Энх Саран сувиллын газарт, тус улсын Бусан, Тэгү хотоос ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д тус тус хүргэж тусгаарлаж, ажиглалтад авлаа.
Эдгээр иргэдийг хорио цээрийн дэглэмийн дагуу 14 хоног тусгаарлан ажиглана. Зорчигчдод анхны үзлэг, шинжилгээ буюу халуун үзэх, асуумж бөглүүлэх ажлыг нислэгийн явцад МХЕГ-аас томилогдсон хилийн хяналт шалгалтын байцаагч нар хийж гүйцэтгэсэн байна.