Л.Энх-Амгалан: Эрүүл мэндийн тухай хуулийг зайлшгүй батлах хэрэгцээ шаардлага байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.18 цагт эхэллээ. Чуулганаар, 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Улсын Их хурлын отгон чуулган хуралдаад өндөрлөх гэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хамгийн олон хуулийг баталсан. Хамгийн чухал нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бид батлах ёстой.
Монгол Улсад баг, сум, сум дунд, аймгийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг ямар зарчмаар сайжруулах вэ гэдэг асуудлаа ярихгүй бол аймаг, суманд оношлогдоод ирсэн иргэдийг 3 дахь шатны эмнэлгүүд дахин шинжилгээнд хамруулдаг, дотроо бие биенийхээ хийсэн шинжилгээнд итгэдэггүй.
Оношоо тогтоолгох хүртэл маш их санхүүгийн зардалтай, онош тогтоолгосны дараа эм, тариа эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал ихтэй. Эрүүл мэндийн төлбөр бол ядуурлын хамгийн том шалтгаан болдог. Иргэд гэр бүлээрээ, ах дүүгээрээ мөнгө цуглуулж, малаа, хашаа байшин, орон сууцаа барьцаалдаг, өрөнд ордог, санхүүгийн эрсдэлд ордог байдлыг арилгах нийгмийн шаардлага их байгаа.
Наад зах нь Эрүүл мэндийн цахим үйлчилгээнийхээ суурийг тавьчихсан байгаа юм чинь одоо стандартыг нь тогтоож өгье. Сум, аймгийн эмнэлэг дээрээсээ шууд 3 дахь шатлалын эмнэлэгтэйгээ цаг алдалгүй холбогдож, онош, эмчилгээ, ямар тусламж үйлчилгээ авах ёстой вэ гэдгээ тогтоодог болчихвол иргэд заавал хот хүрээ явж, цаг хугацаа алдаж, санхүүгийн эрсдэл хүлээх явдал эрс багасна. Цахим эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх зохицуулалт энэ хуулиар орж ирж байгаа учраас зайлшгүй батлах хэрэгцээ шаардлага байгаа.
Холбоотой мэдээ
2024.11.25
2024.11.22
2024.11.22