Ц.Даваасүрэн: Монгол Улс дэлхийд хамгийн томд тооцогдох батарей хуримтлуурын станцтай болох санхүүжилт шийдэгдлэ
COVID-19 цар тахлын хүн амын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэл болон Монгол Улсын эрчим хүчний системд анхны том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих зорилгоор гурван зээлийн хэлэлцээр, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар хооронд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр боллоо.
- COVID-19 цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах хөтөлбөрийн 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл
- Цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт
- Монгол Улсад дэвшилтэт технологид суурилсан том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж, байгуулах төслийн 103 сая ам.долларын зээлийн хэлэлцээр, буцалтгүй тусламжийн гэрээнүүд тус тус багтаж байгаа юм.
"УЛААНБААТАР ХОТОД ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨВЛӨРСӨН АГУУЛАХЫГ БАРЬЖ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ"
АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал ноён Павит Рамачандран
“АХБ-наас энэ амаргүй цаг үед Монгол Улсын COVID-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг нь дэмжих болон бусад чиглэлээр эмжих ал дээр нэн анхааран ажиллаж байгаа.
"Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төсөл”-ийн нэмэлт санхүүжилт болон “COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр”-ийн хүрээнд коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд хүргэхэд чиглэнэ.
Тухайлбал, ХӨСҮТ, Улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд, нийслэлийн есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдэд 70 нэр төрлийн 18,000 гаруй ширхэг нэн яаралтай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл болон ариутгал, халдваргүйжүүлэлтийн хэрэгслүүдээр хангах ажлуудыг хийнэ. Мөн Улаанбаатар хотод эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулах боломж бүрдэнэ.
Харин “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн хүрээнд 125 мвт-ын хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд барьж байгуулах боломжтой" хэмээв.
Сэргээгдэх эрчим хүчний салбарын уг төсөл хэрэгжсэнээр
- Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэх
- Эрчим хүчний хувьд бие даасан байдал, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх
- Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих
- Эрчим хүч үйлдвэрлэлт хэрэглээний балансыг тогтворжуулах
- Ирээдүйд цахилгаан дамжуулах сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр холбоход шаардагдах тохируулгын нөөцийг бүрдүүлэх зэрэг давуу талтай аж.
"ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АВЧ ХЭРЭГЛЭХ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ 103 САЯ АМ.ДОЛЛАРЫН 100 САЯ АМ.ДОЛЛАР НЬ 25 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ЭХНИЙ ТАВАН ЖИЛ ТӨЛӨХГҮЙ, 1.5%-ИЙН ХҮҮТЭЙ"
Зээлийн эргэн төлөлтийн хугацаа болон хүүгийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Америк долларын зээл, буцалтгүй тусламж зэрэг дөрвөн гарын үсэг зурлаа. “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зарцуулагдах мөнгөний хэмжээ 30 сая ам.доллар зээлийг эргэж төлөх хугацаа 40 жил бөгөөд эхний арван жил зээлээ төлөхгүй, жилийн 1%-ийн хүүтэй.
Эрчим хүчний салбарт авч хэрэглэх зээлийн хэмжээ 103 сая ам.долларын 100 сая ам.доллар нь 25 жилийн хугацаатай эхний таван жил төлөхгүй, 1.5%-ийн хүүтэй. Үлдсэн гурван сая ам.доллар нь сэргээгдэх эрчим хүчтэй холбоотойгоор буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдож байгаа юм. Дөрөв дэх эх үүсвэр нь төслүүдийн дэмжлэг болгож 100 сая ам.долларын зээл олгосон. Тус нь зээл нь 15 жилийн хугацаатай, эхний гурван жил чөлөөлөгдөх ба жилийн 1.4 орчим хувийн хүүтэй зээл юм.
Эдгээр зээлүүд нь Монгол Улсын бие даасан байдлыг улам бэхжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна" хэмээв.
"АРИУТГАЛ, ДОТООД ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН АСУУДЛАА БЭХЖҮҮЛЭЭГҮЙ ҮЛДСЭН ДОЛООН АЙМАГТ АСУУДАЛ ШИЙДЭГДЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ"
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "
Дэлхий нийтээрээ цар тахлаас болж, амаргүй нөхцөл байдалд буйг та бүхэн мэднэ. Халдвар авсан хүн дэлхий дахинд таван сая болох нь цаг хугацааны асуудал болчихлоо. Бид зөөвөрлөгдөн ирэх тохиолдол хүн татахын хэрээр нэмэгдэнэ гэсэн бэлтгэлтэй ажиллаж байгаа. Энэ үед АХБ-ны шугамаар эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж төсөлд гарын үсэг зурсан явдалд талархаж байна.
Уг төслийн хүрээнд ариутгал, дотоод халдваргүйтгэлийн асуудлаа бэхжүүлээгүй үлдсэн долоон аймгийн асуудал шийдэгдэх зэрэг боломжууд бүрдлээ. Бид вакцин гарах хүртэл өргөсөн дээр сууж байгаа мэт нөхцөл байдалд байх тул бэлэн байдлыг хангах боломж бүрдэж бйагаад баяртай байна" гэв.
"ЗУНЫ УЛИРАЛД ЭРЧИМ ХҮЧ ИМПОРТЛОХГҮЙ"
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Эрчим хүчний салбарын хувьд түүхэн үйл явдал болж байна. Монгол Улс дэлхийд хамгийн томд тооцогдох батарей хуримтлуурын станцыг барьж байгуулах санхүүжилтийн асуудал өнөөдөр шийдэгдлээ. Энэ батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор хэд хэдэн давуу тал бий болно.
- Зун гаднаас импортын эрчим хүч авахгүйгээр өөрсдөө зохицуулдаг болно. Зөвхөн өвлийн оргил ачааллын үеэр гаднаас импортолно.
- Эрчим хүчний системд хүнд ноцтой, удаан хугацааны аваар гарах боломж хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл хоёр жилийн өмнөх шиг удаан хугацаагаар тог тасарна гэдэг асуудал байхгүй болно.
- Дэлхийн жишгийн дагуу сэргээгдэх эрчим хүч ашиглах боломж нэмэгдэнэ" гэв.