Таны сонсоогүй байж магадгүй 10 улс
2010.10.06

Таны сонсоогүй байж магадгүй 10 улс

Доорх жагсаалтад багтсан орнуудын талаар тийм их мэдээлээд байдаггүй байж болох юм. Үүнээс гадна зарим нэг нь эдгээрийг улс гэж хүлээн зөвшөөрөхгүй ч байж магадгүй. Ингээд та бүхэнд нэр нь тэр бүр сонсогдоод байдаггүй 10 улсыг танилцуулж байна.

10. Вануату


Номхон далайн өмнөд нутгийн аралд байрладаг Вануату улсын хүн амын 90 хувь нь загасыг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд 80 хувь нь хувийн цэцэрлэгтээ ногоогоо тарьж хэрэглэдэг, хөдөө тосгондоо голдуу аж төрдөг байна. Тус улс усанд шумбах сонирхолтой жуулчдын хамгийн очих дуртай газрын нэг аж. Эргэн тойрон усаар хүрээлэгдсэн Вануату улсад цунами болох нь тийм ховор зүйл биш юм.

Үүнээс гадна газар хөдлөлт тус улсын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Вануату улсын нийслэл Порт Вила хот бөгөөд 243300 хүн амтай, 12,190 хавтгай дөрвөлжин км газар нутагтай юм.

9. Науру

Германы колони байсан тус улс мөн л Номхон далайн аралд байрладаг.
Тус улсад байгалийн цэнгэг ус тун ховор учир 11 дүгээр сараас хоёрдугаар сарын хооронд борооны улирлаар Науругийн хүн ундны усаа нөөцөлдөг байна. Энэ улсад Австралийн дүрмээр тоглодог хөл бөмбөгийн спорт их хөгжсөн бөгөөд хөл бөмбөгийн лигийн долоон багтай юм. Нийт 14019 хүн амтай, 21 хавтгай дөрвөлжин км талбай бүхий нутаг дэвсгэртэй Науру улсын нийслэл нь Ярен хот юм.

8. Тувалу

Тувалу улс Үндсэн хуультай, хатан хаант засаглалтай улс бөгөөд Британийн хатан хаан II Элизавета төрийн тэргүүн нь юм.

Тус улс байнгын зэвсэгт хүчингүйгээс гадна батлан хамгаалах салбарт хөрөнгө зарцуулдаггүй аж. Тувалу нь газар нутгийн хэмжээгээр дэлхийн хамгийн жижиг дөрөв дэх улс билээ. Энэ улсын хамгийн анхны оршин суугч нь Номхон далайн арлын полинезичууд юм. Тус улсын нийт хүн ам 12373 бөгөөд 26 хавтгай дөрвөлжин км талбай нутагтай Тувалу улсын нийслэл нь Фунафути хот аж.

7. Коморо улс

Энэтхэгийн далай болон Мозамбик улс, Мадагаскар арлын хооронд оршдог Африкийн арлын улс Коморо нь Францын колони орон байжээ.
Одоо Коморо улсын 300 мянга гаруй иргэн Францад аж төрж байгаа юм. Тус улсын хүн амын 98 хувь нь лалын шашинтан аж. Коморо улсын нутагт дэвсгэр 2,235 хавтгай дөрвөлжин км бөгөөд нийт 798 мянган хүн амтай тус улсын нийслэл нь Морони хот билээ.

6. Гернси

Гернси улс нь Их Британийн удирдлагад байдаг ч Британийн нутаг дэвсгэрийн харьяанд багтдаггүй.

Английн сувагт байрладаг тус улс автономит эрхтэй бөгөөд Британийн удирдлагаас гарч, бие даасан тусгаар улс болох талаар ярилцаж байгаа юм. Нийслэл хот нь Сент Питер Порт бөгөөд нийт 65573 хүн амтай тус улс 78 хавтгай дөрвөлжин км нутагтай аж.

5. Мэн арал

Британи, Ирландын арлуудын хооронд байрладаг тус улс нь Британийн хараат улс юм.
Энэ улс Европын Холбоонд багтдаггүй бөгөөд эдийн засаг нь банк болон аялал жуулчлалын үйл ажиллагаанд тулгуурладаг байна. Тус арал улсад МЭӨ 6500 жилээс хойш хүн аж төрөх болжээ. 572 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 80085 хүн амтай тус улсын нийслэл нь Дуглас хот юм.

4. Токелау

Шинэ Зеландын бүс нутгийн бие даасан бус Токелау улс гурван арлаас бүрддэг байна.
Токелау гэдэг нь полинезиэр “умардын салхи” гэсэн утгатай үг аж. Тус арал улсын эдийн засаг дэлхийн хамгийн жижиг нь бөгөөд Шинэ Зеландын улсын татаасаас бүрэн хамааралтай юм. Энэ улсын хүн амын 96 хувь нь христийн шашинтан бөгөөд хүн амын 57 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг байна. Нийслэл хот нь Нукунону бөгөөд улсын нийт хүн ам 1416 бол нутаг дэвсгэрийн хэмжээ ердөө 10 хавтгай дөрвөлжин км аж.

3. Кук арлын улс

Кук арлын улс нь бие даасан удирдлагатай парламентын засаглалтай ардчилсан орон аж. Энэ улсад жилдээ 90 мянга гаруй жуулчин ирдэг байна.
Тиймээс аялал жуулчлал тус улсын эдийн засгийн гол тулгуур болдог. Үүнээс гадна далайн хүнсний бүтээгдэхүүн, сувд, жимс жимсгэнэ экспортолдог аж. Энэ арал улсын Британийн хөлгийн ахмад Жеймс Кукын нэрээр нэрлэсэн бөгөөд ахмад Кук 1773 онд тус арал дээр анх ирж байжээ. Нийт 19569 хүн амтай тус улс 240 хавтгай дөрвөлжин км нутагтай бөгөөд нийслэл нь Аваруа хот юм.

2. Питкэрн арлын улс

Энэ улс нь галт уулын дөрвөн арлаас бүрддэг Британийн хуучин колони улс юм. Хүн ам нь англи болон таити хэлээр ярьдаг байна.
Тус улсын сүмд ердөө найман хүн зочилдог байсан учир үүнийг хаажээ. Үүнээс гадна энэхүү жижиг улсад ердөө нэг кафе, нэг баар л үйл ажиллагаа явуулдаг аж. Тус улсын нийслэл хот Адамстаун бөгөөд нийт 50 хүн амтай, 47 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй юм.

1.Уулын Бүгд Найрамдах Карабах улс

Армян, Азербайжан улсын хороонд байрладаг, тусгаар тогтносон Бүгд Найрамдах Улс нь хуучин ЗХУ-ын харьяаны уул уурхайн олборлолтын бүс нутгийн нэг байжээ.
Бүгд Найрамдах Улс гэдгээ зарласныг нь одоогоор нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж. 1991 онд Азербайжаны харьяанаас гарч, тусгаар тогтнолоо зарласан тус улсын хүн амын 95 хувийг армянчууд эзэлдэг бол үлдсэн хувийг грек, курд үндэстэн эзэлдэг байна. Нийт 141400 хүн амтай энэ улсын нутаг дэвсгэрийн хэмжээ 11,456.38 хавтгай дөрвөлжин км бөгөөд нийслэл хот нь Степанакерт аж.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.