Бин Ладений залгамжлагч
2011.05.30

Бин Ладений залгамжлагч

Йемен гаралтай америк номлогч Анвар аль-Авлаки Осама Бин Ладенийг орлож "Аль-Каида"-гийн удирдагчаар албан ёсоор томилогдоогүй ч өдрөөс өдөрт өсч буй нэр хүнд, нөлөөг нь олон улс түгшин ажиглаж байна. Осама Бин Ладен амь үрэгдсэн тухай мэдээ тэр дороо "Аль-Каида"-гийн дараагийн тэргүүн хэн байх вэ гэсэн асуултаар солигдсон. Египетийн "дайчин" Саиф аль-Адель дэлхийн хэмжээний хамгийн том террорист бүлэглэлийг түр тэргүүлэх нь тодорхой болсон юм. Харин жинхэнэ тэргүүнээр хэн сонгогдох нь өнөө ч бүрхэг байна. Энэ асуултад өрнийн олон ажиглагч Авлаки хэмээн хариулж эхлэв.



"Аль-Каида"-гийн Арабын булан дахь салбар бүлэглэлийн тэргүүлэгчдийн нэг Авлаки Бин Ладений нөхөхийн аргагүй орон зайг бүрэн дүүргэхгүй ч олон улсын жихадист хөдөлгөөний томоохон төлөөлөгчийн хувьд ирэх хэдэн жилд терроризм хэмээх үгийг "амьд" байлгасаар байна. Түүнд жихадистуудыг удирдан зохион байгуулах туршлага, исламын хэт үзэлтнүүдийн дунд танигдсан шашны тодорхой үзэл баримтлал байхгүй. Бүр Бин Ладентай хүртэл уулзаж байгаагүй гэх. Америкт төрж өссөнөөрөө англи хэлтнүүдэд танигдсан ч арабчуудын дунд төдийлөн танил биш тэрбээр саяхнаас л "Аль-Каида"-гийн гишүүд, дэмжигчидтэй ойр харилцаж эхэлжээ. Авлакийг мэдэх хүмүүсийн мэдээлснээр тэрбээр үзэл бодолдоо үнэнч байхын тулд элбэг хангалуун амьдралаас татгалзсан, дуу цөөтэй, аядуу тайван гэгддэг Бин Ладентай адилгүй гэнэ.



Нью Мексико мужийн Лае Крусез хотод 1971 онд залуу Иемен Хосынд мэндэлсэн Авлаки бага насаа АНУ-д өнгөрүүлж, өсвөр насандаа эцэг эхийнхээ уугуул нутагт очжээ. Харин 1991 онд коллеж төгсөхөөр Америк буцсан байна. Энэ үеэс исламын номлол, хэт үзэлтнүүдийн дайнч бодлогыг сонирхож эхэлсэн Авлаки зохион байгуулалттай алан хядах ажиллагааны хэд хэдэн төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ хожим есдүгээр сарын 11-ний халдлагаар онгоц барьцаалсан этгүүдийн хоёрт нь Сан Диего хотын исламын сүмд хичээл зааж байж. АНУ болон өрнийн олон улсыг исламын шашинтнуудын эсрэг хандуулсан 2001 оны есдүгээр сарын тэр нэгэн өдрийн аймшигт үйл явдалд оролцоогүй ч сүүлийн хэдэн жилд АНУ-ын нутагт илэрсэн алан хядагчдын хэд хэдэн бүтэлгүй террорист ажиллагааг зохион байгуулагчдын нэг болох нь нотлогдоод байна. Нэгдсэн Улсын зэвсэгт хүчний Форт Хүүд дэх баазад болсон аллага, 2009 оны Зул сарын баярын өдөр Детройт хүрэх иргэний агаарын тээврийн онгоцонд бөмбөг дэлбэлэх шахсан иемен эрийн хэрэг, өнгөрөгч онд илэрсэн тэсрэгчтэй илгээмж зэргийн ард Америкт төрсөн "америк" хүү байсан нь Вашингтоны албаныхныг сандаргасан билээ.

Өнгөрөгч арваннэгдүгээр сард Рошонара Чодри Британийн парламентын гишүүн Стефен Тиммсийг хөнөөхийг завдаж, хутгалжээ. Р.Чодри Авлакийн номлолын бичлэгийг 100 гаруй цаг үзсэнийхээ дараа дээрх хэргийг үйлдсэнээ хүлээсэн юм. Үүнээс үзэхэд Авлаки итгэхүйн урлагт мэргэшсэн, хүчирхэг номлогч. Иемений албаныхан хүртэл түүнийг "...үг бүр нь аюултай, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэгч..." хэмээн тодорхойлсон нь бий. Үнэхээр ч төгс англи, "Коран"-ы сонгодог арабаар хэлэлцэгч түүний номлол олон түмэнд сонсууштай дуулддаг. Авлакийн "Исламын эсрэг дайн", "Уммагийн байдал", "Тоос хэзээ ч тогтохгүй" зэрэг сургаал түүнийг хэчнээн аюултай хүн болохыг нотлоод өгнө. Тэрбээр одоогоор "Аль-Каида"-гийн тэргүүн шиг харагдахгүй байж мэднэ. Гэвч дээрх номлолууд дахь хатуу ширүүн үг, хэт хандлага нь түүнийг АНУ болон барууны орнуудад алан хядах ажиллагаа зохион байгуулах тэргүүн зэргийн террорист гэдгийг баталсаар байна. Түүний "төгс хандлага" гээчид АНУ-д тогтоосон харилцаа холбоо, англиар илтгэх чадвар, Иеменээс эхлээд Ирак хүртэл нөлөөлж чадах бүс нутгийн "далд" нэр хүнд зэрэг нь багтана. Эдгээр нь саяхнаас ил болсонч Бин Ладений мөрийг тасралтгүй 10 жил мөшгөсөн Нэгдсэн Улсын тусгай албаныхан Авлакийн аюулыг эртнээс мэдэж байжээ. Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч оны дөрөвдүгээр сард түүнийг хөнөөх нууц тушаал гаргасан байдаг.

Авлаки Америк төдийгүй олон улсын аюулгүй байдлын "хар дарсан зүүд"-ний биелэл юм. Дотоодод "бэлтгэгдсэн" алан хядагч дотоодоос халдахуй гэдэг үзэгдлээс олон улс эмээсээр ирсэн. Харин холын мэт байсан энэ аюул ойр ирсний хамгийн тод жишээ бол Авлаки. Мөн "Аль-Каида"-г хэн тэргүүлэхээс үл хамааран алан хядагчдын аюул байсаар байхын баталгаа нь тэр.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.