Хятадууд өөрийнхөөс хэд дахин хямд, сахилга баттай ажиллах хүч олжээ
2011.06.21

Хятадууд өөрийнхөөс хэд дахин хямд, сахилга баттай ажиллах хүч олжээ

Хятад улс ажиллах хүчинд зарцуулах мөнгөө улам их хэмнэн, экспортоо багасгахгүй байх арга олжээ. Үүний гарц нь Умард Солонгос. Хятадууд удахгүй үйлдвэр заводоо тэнд барьж эхлэх нь. Яагаад гэвэл Хятадад цалингийн хэмжээ хурдан өсч байгаа. Харин умард солонгосчууд сохор зоосны төлөө ажиллахад ч бэлэн.

 

Умард Солонгосын газар нутаг дээрх эдийн засгийн онцгой бүсэд Хятадын байгууллагуудыг ажиллуулах тухай хэлэлцээрийг талууд байгуулжээ. Харин ажилчид нь Ардчилсан Солонгосын сая сая иргэд байх юм. Дэлхийн хамгийн хямд бөгөөд хамгийн сахилга баттай ажилчид гэсэн үг.

Өнгөрсөн 7 хоногт Умард Солонгосын нутаг дээрх эдийн засгийн онцгой бүсийг хамтран удирдах хоёр орны зөвлөлийн хуралдаан болсон нь Хятадын дипломатчдын том амжилт гэж үзэж болно. Гэхдээ Ардчилсан Солонгосын хувирамтгай араншинг авч үзвэл энэ хэлэлцээр хэр удаан оршин тогтнох нь тодорхойгүй. Талууд Расан дахь эдийн засгийн хуучин бүсийг сэргээх, мөн Ялу голын хилийн ойролцоох арлууд дээр 12км2 талбай бүхий эдийн засгийн шинэ бүсийг байгуулахаар шийдсэн байна.

 

Расон бүсэд Хятадын хувьд маш чухал ач холбогдолтой Раджин боомт оршдог. Ингэснээр далайгаас алслагдсан Цзилинь мужийн нутгууд нь далайд гарцтай болох юм. Зөвшилцлийн дагуу шинэ төмөр зам барьж, боомтыг Хятадын Хуньчунь хоттой холбох аж. Тэрчлэн энэ нутагт дэд бүтц ийн шинэ объектуудыг барихад нэн шаардлагатай цементийн үйлдвэр ч мөн шууд ийшээ холбогдоно. Дашрамд дурдахад Хятад, ОХУ улсууд Раджины боомтын зогсоолыг түрээсэлдэг. Харин одоо өрнөдийн хөрөнгө оруулагчид ч үүнийг сонирхож байна. Жишээлбэл даваа гарагт л гэхэд Швейцарийн компани бас нэг зогсоолыг түрээсэлжээ.

 

Сонирхуулахад Хятадын Ляонин мужтай хиллэдэг Умард Солонгосын арлуудыг 50 жилийн хугацаатайгаар Хятадын хөрөнгө оруулагчдад шилжүүлсэн байна. Хятадын үйлдвэрлэл цаашид ч Ардчилсан Солонгост шилжих процесс улам тэлэх төлөвтэй. Ляонин, Цзилинь мужууд Хятадын үзүүлэлтээр авч үзвэл баян биш. Гэхдээ энд ч орлогын хэмжээ хурдан өсч байгаа нь экспортын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сулруулж байгаа юм. Жишээлбэл Цзилинь мужид хотын иргэдийн дундаж орлого 2010 онд 10%-иар өсч, жилд 15411 юань буюу 2375$ болжээ. Мужийн том хотуудад ажиллах хүчний хомсдол мэдрэгдэж байна, энэ нь мэргэжилтэй инженер техникийн ажилтнууд төдийгүй мэргэжилгүй ажилчдад ч хамаатай болж ирлээ.

 

Хятадтай хил залгаа нутагт амьдардаг Ардчилсан Солонгосын иргэдийн орлогын талаарх мэдээлэл нууц байдаг ч мэдээж Хятадынхаас хэдэн арав дахин бага хэмээн судлаачид дүгнэж байна. Мөн Ардчилсан Солонгосын үйлдвэр заводууд олон жилийн турш зогссон.

 

Иймээс Хятадын нэхмэлийн болон тоглоомын үйлдвэрүүдэд умард солонгосчууд маш хямд цалинтай ажиллах нь ойлгомжтой. Хятадын ажлын хүч 2000 оны эхний хагасаас буурч эхэлсэн бөгөөд тус улсын нийгмийн шинжлэх ухааны Академийн таамаглаж буйгаар 2017 оноос хойш эрс багасах аж. Үүний зэрэгцээ Умард Солонгост сая сая, маш хямд ажилтнуудын хэрэгцээ ихэснэ. Ер нь Ардчилсан Солонгосын ажиллах хүч, нөөц нь Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжил буурахгүй байх гол эх булаг болох төлөвтэй. Иймээс л хятадууд эдгээр эдийн засгийн бүсийг ихэд сонирхож байна.

 

Гэхдээ Умард Солонгос цаашид ямар авир гаргахыг урьдаас таашгүй. Ким Чен Ирийг Хятадад айлчлахад хятадууд өөрсдийн орчин үеийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын амжилтуудыг түүнд үзүүлсэн. Үүний дараа л умард солонгосчууд эдгээр эдийн засгийн бүсийг байгуулахыг зөвшөөрсөн билээ. Өнөөгийн энэ амжилтад хүрэхийн тулд хятадууд 1980-аад оноос эхлэн Умард Солонгосын лидерүүдэд өөрийн заводуудаа үзүүлж, мөн эдийн засгийн онцгой бүсүүдээр тэднийг тогтмол аялуулж ирсэн юм.

 

Умард Солонгосын ажлын хүчийг Хятадын капиталистуудад өгөх ашиг илт. Гэхдээ энэ төсөл Пхеньяны улстөрийн удирдагчдад айдас төрүүлж байж мэднэ. Яагаад гэвэл Умард Солонгосын улстөрийн систем “моралийн элэгдэл”-д орж, эсвэл Хятадаас хэт хамааралтай болох аюултай.

Эдийн засгийн шинэ бүсүүд нь Умард Солонгосын удирдлага хөгжлийн шинэ хувилбарыг сорьж үзэх гэсэн оролдлого уу эсвэл Бээжинд зориулсан тэдний дипломат буулт уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Энэ бүхний дараа нь умард солонгосчууд хэлэлцсэнээсээ буцах буюу чимээгүй нам дарж эсвэл эсэргүүцэж ч магад.

 

Харин хэрэв эдийн засгийн чөлөөт энэ 2 бүс амжилттай хөгжиж эхэлбэл дараа нь олон ийм бүс байгуулах нь дамжиггүй. Бараг үнэгүй шахам хэрнээ дэлхийн хамгийн сахилга баттай ажиллах хүч хятадад үнэхээр эрэлттэй байгаа. Учnр нь дэлхий даяар үүссэн ажиллах хүчний хомсдол удахгүй Дорнод Азид, түүний дотор Хятадад ч нүүрлэж болзошгүй байгаа юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.