Хятадын ирээдүйн 3 хувилбар
2011.06.30

Хятадын ирээдүйн 3 хувилбар

-АНУ-ын тоймч Майкл Янгийн нийтлэл-

20 жилийн өмнө ЗХУ, Дорнод Европт коммунист дэглэм нуран унаснаас хойш хүмүүс иймэрхүү хувьсгал Хятадад хэзээ гарахыг хүлээх болсон. Сүүлийн хэдэн сарын турш өрнөж буй ардчилсан хөдөлгөөний бас нэг давалгаа Ойрхи Дорнодод улстөрийн байдлыг өөрчиллөө. Одоо хүмүүс ойрын ирээдүйд Хятадад иймэрхүү үйл явдал гарч магадгүй хэмээн таамаглаж байна. Гэвч өнөөдөр өрнөдийнхний ихэнх нь Хятадын коммунист дэглэм хэзээ хэзээнээс илүү хүчирхэг байна хэмэнэ дүгнэж байна. “New York Times”сонинд Николас Кристоф “Хэрэв одоо Хятадад чөлөөт сонгууль явуулбал Хятадын Коммунист нам /ХКН/ илт давуу ялна. Хятадын ард түмэн коммунист төр засагтаа сэтгэл хангалуун байна” гэж бичжээ.



Гэтэл өрнөдөд дүрвэн гарсан Хятадын цагаачид “ХКН сүйрлийн ирмэг дээр ирсэн, маш эмзэг байгаа” гэх нь бий. Эрх чөлөөт Хятадын төлөө тэмцэгч Вэй Цзиншэн “Хятадын коммунист дэглэм айсан шувуу мэт. Олон нийтийн ямар нэг үймээн хөдөлгөөний шинж тэмдэг илрэх бүрт ХКН чичрэн дагжиж байна. Энэ бол ХКН-ын төгсгөл эхэлж байгаа хэрэг” гэжээ. Эндээс хархад судлаач эрдэмтэд ба цагаачдын үзэл бодол хэт туйлширч, эсрэг тэсрэг байгаа ч Хятадад удахгүй ямар нэг юм өөрчлөгдөх ёстой гэсэн нэг л зүйл дээр тэд санал нийлжээ. Ийм өөрчлөлт 3 хувилбарын аль нэгээр өрнөх магадлалтай гэнэ.

Зөвлөлтийн загвар буюу дээрээс өөрчлөх

ЗХУ-ын тэргүүн М.Горбачевын өөрчлөн байгуулалт үнэндээ 2 дахь удаагийн оролдлого юм. Түүний өмнө Н.Хрущев коммунист намын XX хурал дээр 1956 онд Сталиныг хэт тахин шүтэх явдлыг эсэргүүцсэн. Харин тэр үед Хятадын коммунист дарангуйлагч Мао Зэ Дун Сталиныг тууштай хамгаалан, Хрущевын эсрэг үзэл суртлын дайн зарласан юм. Тэр чухам энэ шалтгааны улмаас 1966 онд Соёлын хувьсгалыг эхлүүлсэн. Нийгэм-эдийн засгийн сүйрэл болон сая сая хүний амьны үнээр Мао өөрийн улстөрийн болзошгүй өрсөлдөгчдийг урьдчилан устгаж, улмаар агуу удирдагч статусаа хадгалж үлдсэн билээ. Одоо түүний хөрөг Маркс, Энгельс, Ленин, Сталин нарын зургийн хамт Хаалттай хотын хананд өлгөөтэй байгаа.


Соёлын хувьсгалын үед их түгээмэл дэлгэрсэн дуу, бүжиг саяхнаас эргээд моодонд орсон. Яагаад гэвэл ХКН-ын зарим лидер удахгүй эхлэх эрх мэдлийн төлөөх тэмцэлд ялахын тулд Маогийн өв уламжлалыг сэргээхийг оролдож байна.


ЗХУ, Дорнод Европт коммунист дэглэм ээлж дараалан сүйрч байхад Хятадын КН-ын лидер Дэн Сяо Пин 1989 онд армиа хөдөлгөж, улстөрийн өөрчлөлт шинэчлэл, түшмэдийн авлигын эсрэг тэмцсэн мянга мянган оюутан, эрдэмтдийн эсэргүүцлийг Тянь Ань Миний талбай дээр нухчин дарсан. Түүнээс хойш Зөвлөлт маягийн сүйрлээс сэргийлэх нь ХКН-ын хувьд өдрийн бодол шөнийн зүүд болсон байна.


ХКН-ын уураг тархи болох марксизм ленинизмын хүрээлэн, КН-ын төв Хорооны сургуулиуд энэ асуудлаар тогтмол судалгаа хийсээр байна. Тэдний үзэж байгаагаар коммунист системийн задралын шалтгаан нь:

  • Намын лидерүүд марксизм ленинизмын үзэл санаанаас урвасан
  • Нам өөрөө олон нийтийн мэдээллийн хэрэгсэл /ОНМХ/, суртал ухуулгыг хянах хяналтаа алдсан
  • Нам эдийн засгийн хөгжлийн асуудлаар бүтэлгүйтсэн
  • КН-ын эгнээнд авлига, хээл хахууль цэцэглэсэн.

Иймээс ХКН сургамж авч, өөрийн системийг бүтээжээ. Коммунист үзэл санаанд үнэнч намын залгамж удирдагчийн хүчийг өөр 6-8 гишүүд тэнцвэржүүлж байдаг. Өөрөөр хэлбэл хамт олны удирдлага гэсэн үг. Намын лидерүүд бие биеэ мөрдөж, ХКН улс орныг хянаж чадна гэдэгт өөрсдийгөө итгүүлж байна.


Тэд АСАР их хөрөнгийг ОНМХ, интернэтийг хянахад хаяж байгаа. Тэгээд зөвхөн хэрэгтэй гэж үзсэн мэдээллийг дамжуулдаг, мөн асар олон хүнийг хөлсөлж, ХКН-д ашигтайгаар бичүүлж нийтлэн, олон нийтийн санал бодолд нөлөөлж тархийг нь угаасаар л байна.


ХКН 20 орчим жилийн турш эдийн засгийн хөгжлийн өсөлтөө өндөр байлгахын тулд байгаль орчинд хор уршиг тарин, хөдөлмөрийн эрхийг зөрчсөөр байна. ХКН-ын хянаж чадахгүй ганц юм бол авлига, хээл хахууль. Иймээс ЗХУ-ын хувилбараар Хятадад хувьсгал гарахгүй байх.

Ойрхи Дорнодын загвар буюу дунд давхаргын өөрчлөлт

Сүүлийн 20 жилд Хятадад коммунист дэглэм зарим нэг талаар өөрчлөгдсөн. Хүмүүс хотод амьдарч, Засгийн газар, армид алба хааж, их дээд сургуульд багшлан, хувийн фирм компани нээж, эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэж байгаа.


ХКН эдийн засгийн салбараа хөгжүүлэхийн тулд эдгээр хүмүүст түшиглэх ёстой. Тэдэнд сайн ч төлдөг. Учир нь тэд ХКН-ыг улам баяжихад тусалж байгаа. ХКН хэрэв хүмүүс эдийн засагт их оролцож байгаа бол намын эсрэг улстөрийн хөдөлгөөнд бага оролцоно гэж үздэг. Тэдгээр хүмүүс ХКН-ыг эсэргүүцэхгүй, харин энэ дэглэмийн үед амьд үлдэж, бас баяжихыг эрмэлзэнэ. Гэхдээ тэд Хятад улс энэ чигээр удаан оршин тогтнохгүй гэдгийг ухаарч байгаа. Иймээс гэр бүлээ гадаадад аваачиж, мөнгөө ч тийш шилжүүлсэн. Тэд Хятадад эрсдэлтэй нөхцөлд ч ажиллахад бэлэн. Гэхдээ тэд ХКН-ын эсрэг хувьсгал эхлэх нь юу л бол.

ДорнодЕвропын загвар буюу хувьсгал доороос эхлэх

ХКН улстөрийн өөрчлөлт шинэчлэлийг хүсэхгүй байгаа. Тэд эдийн засгийн бодлогоо үргэлжлүүлсээр иргэдийн дунд орлогын аймшигтай ялгааг бий болгосон. ХКН бүх шатны түшмэдийн авлигыг хазаарлаж чадахгүй байна. Иймээс олон нийт ХКН-д улам дургүйцсээр байгаа нь ойлгомжтой. ХКН энэ эсэргүүцэл дургүйцлийг дарахын тулд дарамт шахалтаа улам нэмэгдүүлнэ. Гэвч эрт орой хэзээ нэгэн цагт энд доороос хувьсгал дэгдэж л таараа.
Үүний үр дүнг урьдаас таамаглах хэцүү. ХКН хангалттай хүчтэй. Энэ улс өрнөдийн дарамт шахалтыг үл тоон, хүч хэрэглэхээс ичихгүй, жагсагчдыг нухчин дарах юу ч биш. Одоо хүртэл хүний эрхийг зөрчиж, хүн төрөлхтнйи эсрэг гэмт хэрэг хийсэн Хятадын эсрэг Өрнөдүүд тууштай бодлого явуулахгүй л байна. Өрнөд өөрөө Хятадын коммунист дэглэмийн эсрэг зогсох хүсэлгүй байгаа юм. Иймээс Хятадын ард түмэн дэлхийн бусад орнууд шиг эрх чөлөөтэй болохын тулд хавьгүй их хүчин чармайлт гаргах хэрэгтэй боллоо. Хямрал гүнзгийрвэл хүмүүнлэгийн асар их гамшиг болно.


ХКН үүнд бэлдэж байгаа, иймээс 60 жилийн турш үндсэрхэг үзлийг өөгшүүлж ирсэн. Ийм гипертрофи эх оронч үзлийн ачаар ХКН эрх мэдлээ бэхжүүлэн, ямар ч сөрөг хүчнээс ангижирч байгаа. Өөрөөр хэлбэл өрнөд ба түүний холбоотнуудыг ХКН золигт гаргасан. Энэхүү рефлекс болсон эх оронч үзлийн эсрэг зогсохын тулд хятад иргэдэд өөрсдийг нь хэрхэн удирдаж, хүүхэлдэй шиг хөдөлгөж байгааг харуулж, ойлгуулан, үйл явдлуудын тухай мэдээлэл өгч байх хэрэгтэй. Ингэснээр тэднийг эрх чөлөөний төлөө тэмцэлд дэмжиж, ХКН-тай ганцаараа тулалдаж байгаа биш гэдгийг мэдрүүлэх ёстой.
Хятадад ч өөрчлөлт ирнэ. Бүр эрх баригч дэглэм амь тавьж, хамаг хүчээ хэвээр үлдэхийн төлөө шидсэн ч гэсэн. Тэр бүү хэл бусад оронд нөлөөлсөн ч байсан. Гэхдээ бас энхийн замаар хувьсал явагдахыг үгүйсгэхгүй. Олон улсын нийгэмлэг Хятадын ард түмэнд аль болох энхийн замаар туслах боломжтой байгаа. Хэрэв Хятадын ард түмэн мухардлаас гарах чадал дутвал дэлхийн олон нийт туслах ёстой. Эсрэг тохиолдолд дэлхий нийт өөрийн энэ хайхрамжгүй байдлын төлөө асар их үнэ төлөх хэрэг гарна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.