Монаког аврах хурим
2011.07.04

Монаког аврах хурим

Долдугаар сарын 2-нд Монакочууд түүхэн үйл явдлын гэрч болсон билээ. Эл өдөр өдгөө 53 настай Монакогийн ван II Альберт 33 настай Өмнөд Африкийн усан спортын тамирчин Шарлен Уиттстоктой хуримаа хийсэн юм.
Энэ үйл явдал зөвхөн дээдсийнхний хувьд төдийгүй улс төрийн хувьд ч асар их ач холбогдолтой ажээ.


урим болохоос хэдэн долоо хоногийн өмнөөс л элдэв дуулиан шуугиан тарж эхэлсэн юм. Тухайлбал, Францын «L’Express» сэтгүүлд сүйт бүсгүй хуримын бэлтгэл ажлыг зогсоож, эх орон руугаа ниссэн учраас хурим болохгүй байж магадгүй гэсэн мэдээлэл гарчээ. Монакогийн вангийн ордны өмгөөлөгчид энэ мэдээллийг гүжир гүтгэлэг хэмээгээд шүүхэд хандахаа мэдэгдсэн байна. Байдлыг хурцатгахыг хүсээгүй сэтгүүлийн редакци дээрх мэдээллийг залруулах арга хэмжээ авчээ.

Энэ нь дээдсийнхний тухай байдаг л нэг хов жив мэт боловч цаагуураа улс төрийн явуулга байсан бололтой. Хэргийн учир нь «L’Express» энэ тохиолдолд өөрийн улсын эрх ашгийн үүднээс мэдээлэл тараасан байж магадгүй юм. Харин Францын эрх ашгийн тухайд гэвэл Франц болон Монакогийн хооронд 1919 онд байгуулсан гэрээний дагуу хэрвээ Гримальдийн эзэнт гүрний хаан ширээг хууль ёсоор залгамжлах хунтайж байхгүй бол тус улс Францын бүрэлдэхүүнд орох ёстой юм.

Бүх зүйлийн учир энд байгаа ажээ. Альбертын эцэг гуравдугаар Ренье өтөлж, харин хүү нь түүнийг залгамжлах ач хүүтэй болгоогүй байгаа юм. Тиймээс Ренье 2002 онд хаан ширээг залгамжлах тухай хуулийг яаралтай өөрчилжээ. Хэрвээ өмнө нь Монакогийн хаан ширээг эмэгтэй хүн болон хууль ёсны бус хүүхдүүд залгамжлах ёсгүй байсан бол одоо энэ бүхэн хуулиар зөвшөөрөгдсөн байна. Дэлхийн тоглоомын бизнесийн болон «Формула-1» уралдааны гол төв болсон энэ орныг үүнээс өөр аврах зам байсангүй. Ингээд 2006 онд хаан ширээг залгамжлах тухай шинэ хуулийг баталжээ.
Хэрвээ Альберт хуул ёсны хүүхэдтэй болохгүй бол хаан ширээнд түүний эгч, гүнж Ганноверын Каролина, дараа нь түүний хүү Андре Какираги сууна. Гэвч Каролина олон удаа гэрлэсэн болохоор түүний хувийн амьдрал хэдийнээ олны хэл амны бай болсноос гадна Андрегийн эцгээс аль эрт гэр бүлээ цуцлуулжээ.

Шинээр гэр бүл бологсод Монако гэдэг улс Европын газрын зургаас алга болох аюулд ороход олон талаар буруутай. Бусад хаан ширээг залгамжлагчдаас ялгаатай нь Альберт залуу байхдаа амьдралынхаа ханийг сонгох талаар боддоггүй байв. Түүний сонирхлыг зөвхөн аз сорьсон аялал, их спорт л татаж байв. Тэрбээр мэргэжлийн чаргачин бөгөөд олимпийн наадмуудад нийтдээ таван удаа оролцжээ. 1985 онд домогт Парис-Дакар раллид оролцох завшаан түүнд тохиосон ч төдийлөн амжилт гаргаагүй байна.

Альберт залуугаасаа л нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байжээ. Тэрбээр 30 хүрээгүй байхдаа Олон улсын Олимпийн хорооны гишүүн болсон байна. Дараа нь Наполеоны олон улсын нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч болжээ. 2006 онд НҮБ-ын нэрийн өмнөөс «Дельфиний» жилийн арга хэмжээг нээж байв. Мөн онд Альберт Хойд туйлд хүрсэн анхны хаан болсон бөгөөд жилийн дараа Тувад Владимир Путины хамт загасчилж байжээ.

Гэхдээ Альберт хаан ширээг залгамжлагчийн хувьд зөвхөн дээр дурдсан бүхнээр дэлхийд алдаршиж байгаагүй. Түүнд эхнэр байгаагүй бөгөөд хувийн амьдралынх нь талаар маш их шуугицгаадаг. Түүний эх нь Холливудын од Грейс Келли байсан бөгөөд Монакогийн өнөөгийн хаан кино од бүсгүйчүүдэд тун талтай нэгэн ажээ. Тэрбээр Брук Шилдс, Шэрон Стоун, Гвинет Пэлтроу нартай янаг амрагийн холбоотой байснаас гадна эмэгтэй найз нарынх нь тоонд загвар өмсөгч Наоми Кэмпбелл, Клаудия Шиффер нар багтдаг байв.
Альберт нэг бус удаа хэрэгт холбогдож байсан юм. 2004 онд түүнтэй үерхэж байсан Холландын загвар өмсөгч бүсгүй Альбертыг хүчингийн хэрэгт буруутгасан боловч нотлох баримт олдоогүй байна.

Түүнчлэн хоёр ч удаа албан ёсоор гэрлэлтээ батлуулахыг оролдсон аж. 2001 онд Америкийн жүжигчин Энжи Эверхарттай, үүнээс гурван жилийн дараа Америкийн тулгууртай харайлтын тамирчин Алиса Уорликтой сүй тавьжээ. Гэвч хоёуланд нь бүтэлгүйтэж, Альберт дэлхийн хамгийн атаархам сүйт хархүү хэвээр үлдсэн билээ.

Альбертыг гэр бүлээс гадуур хүүхэдтэй тухай яриа ч тойроогүй байна. Бүр 1980-аад оны эцсээр Германы жүжигчин Беатрис Фидлер Монакогийн хаан ширээ залгамжлагчийг хүү Даниэлийнх нь эцэг хэмээн мэдэгджээ. Гэвч ДНК-гийн шинжилгээний хариу үүнийг нотлоогүй байна. Түүнээс гадна 1992 онд төрсөн Жасмин Грейс гэдэг хүүхдийн эцэг гэдгийг нотлохыг оролджээ. Альберт түүний эх Америкийн үйлчлэгч бүсгүй Тамара Ротолотой нэг бус удаа уулзсанаа хүлээн зөвшөөрсөн боловч хүүхдийнх нь эцэг болох нь тогтоогдоогүй байна

Гэхдээ Того улсын иргэн, онгоцны үйлчлэгч Николь Костто учруулсан холбоо нь энэ бүхнээс илүү дуулиан тарьж байв. Тэд 1997 оноос 2002 он хүртэл уулзаж учирч байжээ. Энэ хугацаанд Альберт сүйгээ цуцалж, үүний улмаас тэдний тухай маш олон цуу яриа тархсан байна. Ямартаа ч гэсэн 2003 оны наймдугаар сард Николь Эрик Александр-Стефан гэдэг хүү төрүүлжээ. ДНК-гийн шинжилгээгээр, Альберт хүүхдийн эцэг болохыг нотолсон байна. Тэрбээр Николь болон хүүдээ Парис хотод байшин, Францын өмнөд нутагт сэрүүн лавран, BMW загварын автомашины хамт 10 мянган евро өгчээ. Гэвч Монакогийн хунтайжийг цаг хугацаа хүлээсэнгүй. Альбертыг удаан хугацаагаар ганц бие явахын хирээр Монаког Франц «залгих» аюул улам бүр нэмэгдсээр байв. Тэрбээр 2001 онд Зимбабве гаралтай усан спортын тамирчин Шарлен Уиттстоктой танилцжээ. 2006 оны хоёрдугаар сард Туринд болсон Олимпын наадмын үеэр анх түүнтэй олны өмнө гарсан байна. Эхэндээ тэдний харилцаа дотно болсон гэж хүмүүс үзэхгүй байсан боловч он жил өнгөрөх тутам Альберт гадаад төрхөөрөө Грейс Келлитэй тун адилхан Шарлентай хамт олны өмнө гарах нь олширсоор байв.

2010 оны зургадугаар сарын 23-нд Альберт, Шарлен хоёр сүй тавьснаа мэдэгдэж, өнгөрсөн бямба гарагт удаан хүлээлгэсэн хуримын ёслол болсон билээ. Альберт маш удаан хайсны эцэст аз жаргалаа нэгэнт олсон бололтой. Одоо шинээр гэрлэгсдэд Гримальдийн удам угсааг залгамжлах хүү төрүүлэх л үлджээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.