Гадаадын нөлөө бүхий улстөрчдийн хүүхдүүд хууль зөрчвөл ямар шийтгэл хүлээдэг вэ?
2011.07.23

Гадаадын нөлөө бүхий улстөрчдийн хүүхдүүд хууль зөрчвөл ямар шийтгэл хүлээдэг вэ?

Манайд нөлөө бүхий улстөрчид, баячуудын хүүхдүүд дуулиант хэрэг үйлдэх буюу замын осол аваар гаргаж, хүний амь насанд хүрсэн ч тэр бүр шийтгэл хүлээдэггүй. Гэтэл өрнөдийн орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд хууль зөрчсөн төрөл садан, хүүхдүүдээ өмгөөлж чаддаггүй, өмгөөлөхийг ч хүсдэггүй. Хэрэв хэрэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарсан бол улстөрчдийн албан тушаалдаа үлдэх ганц арга нь буруугаа чин сэтгэлээсээ хүлээх.

Израилийн Ерөнхий сайд хүүгээ аврахыг хүссэнгүй шоронд суулгажээ


2006 оны 2-р сарын 14-нд Тель-Авив хотын шүүх улсынхаа Ерөнхий сайд Ариэль Шароны хүү Омрийг луйвар хийсэн хэргээр есөн сар шоронд хорих ял оноож, 300 000 шекелиэр /750$/ торгожээ. Омри хар данс ашиглан, эрх баригч Ликуд намыг санхүүжүүлж байсан аж. Израилийн бульдозер хочит ардын баатар Ариэль Шарон хүүгээ шийтгэгдэх үед коомд орсон байв. Гэхдээ уг хэргийг мөрдөх шалгах хооронд хэдэн жил өнгөрсөн билээ. Гэвч эцэг Шарон энэ хооронд хүүгээ хэргээс мултлахыг хүсээгүй аж. Тэртэй тэргүй Израилийн хэвлэл мэдээллийнхэн түүнийг хүүгээ улстөрийн амьдралд их оролцуулдаг гэж шүүмжилдэг байсан юм.

Дженна ба Барбара Буш архидах дуртай


АНУ-ын улстөрчид болон тэдний хамаатан садны амьдрал олон нийтийн хатуу хяналтад байдаг. Бага Жорж Бушийн хувьд ихэр охидын авир төрх их асуудал үүсгэж байсан. АНУ-ын хуулиар цэргийн албанд 17 настайгаасаа татагдаж болох ч шар айраг, архи уухын тулд 21 нас хүрсэн байх ёстой. 2001 оны хавар Бушийг дахин сонгогдсоны дараахан 19 настай охид нь архи уусан хэргээр баривчлагдав. Тэр бүү хэл охид нь хоёр дахь удаагаа цагдаа нарт хуурамч бичиг баримт үзүүлсэн байна. Бушийн охидыг архи согтууруулах ундааны хор уршгийн талаарх лекцэд суух, олон нийтийн ажлыг 8 цаг хийхээр шийтгэжээ. Ерөнхийлөгч Буш энэ талаар тайлбар хийхээс татгалзсан байна. Харин манайд архи уух насны доод хоригийг нэг их мөрддөг биш, иймэрхүү асуудал үүсвэл инээлдээд л өнгөрөх биз ээ. Гэтэл АНУ-д энэ хэрэг маш том дуулиан тарьсан юм. Нэмж өгүүлэхэд 2000 онд Буштай өрсөлдсөн, Ардчилсан намын Эл Горын хүү 3 удаа шүүхээс ял сонсч, олон нийтийн ажил хийх шийтгэл хүлээж байсан. Түүний үйлдсэн хэрэг нь манай хэмжүүрээр ёстой шалихгүй. Альберт Гор 2000 онд 180 км/цаг хурдтай давхиж байхад нь цагдаа саатуулсан аж. АНУ-ын Дэд ерөнхийлөгч ийм дэмий асуудлаас ч хүүгээ аварч чадаагүй аж.

Юэн Блэрийн хэрэг эцгийн нь ажил хэрэгт нөлөөлөөгүй


Английн Ерөнхий сайд Тони Блэрийн хүү Юэн байнга хэрэг тарьдаг нэгэн. Тэр 2000 оны 7-р сард 16-тайдаа хичээлийн жил дууссан баяраа талбай дээр тэмдэглэн, архи ууж баригджээ. Гэтэл үүнээс хэдхэн өдрийн өмнө эцэг нь олон нийтийн газар архидан согтууруулахын эсрэг тэмцлийг идэвхжүүлэхэд уриалан дуудаж байсан юм. Сөрөг хүчний шүүмжлэлийн хариуд Блэр “Сайн эцэг байх нь Ерөнхий сайд хийхээс ч хэцүү” гэж хариулжээ. 2005 онд Юэн төгсөлтийн шалгалт өгөх өдрөө машинаараа унадаг дугуйтай ахимаг насны эрийг дайрав. Тэр хөгшин хөнгөн гэмтсэн учраас цагдаа нар хэрэг үүсгээгүй өнгөрчээ. Тэгээд ч Юэнийг согтуугаар машин жолоодсон нь батлагдаагүй. Эдгээр явдал эцгийн нь албан тушаалд хор хөнөөл учруулаагүй. Харин Блэр Иракийн дайнаас болж ажлаа өгсөн билээ

Яхим Бем өөрийгөө хорлов


Чехийн барууны либерал намын тэргүүн Павел Бемийн хүү Яхим согтуудаа хэрэг мандуулжээ. Гэвч тэр эцэгтээ бус өөртөө гай чирсэн байна. 2011 оны 11-р сард 20 настай оюутан баарнаас гараад найз нөхөдтэйгээ баахан дарвижээ. Тэгээд Прага хотын төвд байдаг дундад зууны үеийн усан оргилуур руу авирчээ. Баримал түүний жинг даасангүй нуран унаж, Яхимын хоёр гарыг эрэмдэглэжээ. Зүүн гарыг нь эмч нар аварсан ч баруун гараа тайруулав. Эцэг нь түүний учруулсан материалын хохирлыг барагдуулсан байна. Аз болоход дундад зууны үеийн баримлын эх хувь бус дуураймал нь гудамжинд байсан аж.

Африкийн хэргүүд


Английн Ерөнхий сайд  төмөр хатагтай Маргарет Тэтчерийн хүү Марк Африкийн оронд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр шийтгэл хүлээсэн. 1970–1980-аад онд тэр хүүхэмсгээрээ алдаршин, авто уралдаан сонирхож, үнэт эрдэнэсийн наймаа хийж байв. Хэвлэлийнхэн түүнийг луйварчидтэй холбоотой хэмээн сэжиглэж байсан юм. Марк Техаст амьдарч байгаад шантаж хийсэн хэрэгт буруутгасны дараа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс руу очжээ. Гэтэл 2004 оны 8-р сард түүнийг ӨАБНУ-ын цагдаа нар Эквадорын Гвинейд төрийн эргэлт хийх гэж байгаа хэмээн баривчилжээ. Түүнд 4 жилийн тэнсэн өгч, 500 000 доллараар торгосон байна. Их Британийн хэвлэл мэдээллийнхэн Тэтчерийг хүүгээ аврахаар энэ хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгаж байлаа.

Африкт мөн Францын Ерөнхийлөгч Франсуа Миттераны хүү хэрэг тарьжээ. 1993 онд Жан-Кристоф ба Оросын бизнесмэн Аркадий Гайдамак нарыг хууль бусаар Анголд зэвсэг нийлүүлсэн хэмээн буруутгажээ. Эцэг Миттераныг нас барсны дараа хүүд нь 2,5 жилийн тэнсэн ял өгч, 600000 доллараар торгосон байна.

Каддафи хүүгээ өмөөрч дайн зарласан


Хөгжиж буй орнуудын хүчирхэг улстөрчдийн хүүхдүүдийн хувьд байдал тэс өөр. Жишээ нь Ливийн төрийн тэргүүн Муаммар Каддафийн хүү Ганнибал Европт зугаацах дуртай. Тэр 2004 онд Елисейн талбайд эсрэг урсгалаар хар хурдтай давхисан төдийгү бие хамгаалагчид нь Францын жандармуудтай зодолдсон юм. 2005 онд Ганнибал Парисын “Интерконтиненталь” зочид буудалд жирэмсэн найз бүсгүйгээ зодож, бөөн дуулиан тарьжээ. Гэхдээ тэр дипломат халдашгүй эрхтэй байсан тул аврагдсан юм. 2008 онд Швейцарьд цагдаа нар Ганнибалыг эхнэртэй нь зарц нараа доромжилсон хэргээр баривчлахад  Ливийн тэргүүн Каддафи хүүгээ өмөөрчээ. Тэр “ариун дайн дэгдээнэ” гэж Швейцарийг сүрдүүлж байлаа.


Оросод байдал мөн адил. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд онд Сергей Ивановын хүү Александр 2005 онд ногоон гэрлээр явган хүний гарцаар явж байсан 69 настай Светлана Беридзегийг дайрч алжээ. Гэтэл тэр хэргийг хааж, нас барсан эмгэнийг өөрөө буруутай хэмээн зарласан байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.