Умард солонгосчууд урд хөршийнхөө интернэт тоглоомд донтогсдыг ашиглаж баяждаг
2011.08.19

Умард солонгосчууд урд хөршийнхөө интернэт тоглоомд донтогсдыг ашиглаж баяждаг

Умард Солонгосын эрх баригчид буруу аргаар, тухайлбал героин зэрэг хориотой бараагаар мөнгө олдог хэмээн ОХУ-ын «nо-voteka.ru» сайтад бичжээ. Тэр бүү хэл Кимийн гэр бүл хар тамхины хууль бус наймааг 40 жилийн турш хийж ирсэн гэнэ. Мөн Италийн «La Repubblica» сонинд Умардын тагнуулууд интернэт тоглоомоос хэрхэн мөнгө олдог талаар өгүүлжээ.

Гэтэл Умард Солонгосын эрх баригчдын мөнгө олдог өөр нэг аргыг саяхан илрүүллээ. Умард солонгосчууд интернэтийг арилжааны зорилгоор ашиглан, «ардын дайснууд»-ын эсрэг тэмцдэг болжээ. Энэ удаа тэд капиталист сайтуудыг довтолж, өрнөдийн банкны сүлжээг ажиллагаагүй болгоогүй. Мөн сайт байгуулах буюу улаан галстукаа интернэтээр худалдахыг ч завдсангүй.

Коммунистууд урд хөршийнхөө интернэт тоглоомд донтогсдыг ашиглан «Lineage» тоглоом тоглодог болжээ. 1990 онд байгуулагдсан Умард Солонгосын «Computer Center» байгууллага гадаад валютыг цуглуулах даалгавар авчээ. Тэгээд улсынхаа шилдэг их, дээд сургуулиудын авьяаслаг оюутнуудыг хилийн чанад руу илгээж, дадлага хийлгэсэн байна. Тэд Сөүлийн луйварчидтай хамтран ажилладаг болжээ. Ингээд хоёр Солонгосын хамтарсан «кибер арми» Сөүлийн тоглоомын сүлжээг гурван тэрбум америк доллараар хоосолжээ.

Умардынхан мөн «Dungeon Fighter», «World of Warcraft 1» тоглоомыг их тоглодог. Ингээд интернэтийн зэр зэвсэг, ид шидийн хэрэгсэл, ундаа зэргийг бодит буюу жинхэнэ мөнгөөр худалддаг аж. Тэгээд ч интернэтээс хамааралтай болсон хүмүүс 800-1000 доллар үрэх нь энүүхэнд гэнэ.

Умардынхан тоглоомын программуудыг эвдэлж, хувилбар үүсгэн, үнэгүйгээр Сөүлийн тоглоомын донтнуудад тараадаг болжээ. Дашрамд дурдахад Өмнөд Солонгосын хүн амын 30 хувь нь тоглоомын фанатууд гэнэ. Өөрөөр хэлбэл залуус нь бүгд. Сөүлийн цагдаа улсынхаа дөрвөн иргэнийг, нэг хятадтай хамт баривчилжээ. Тэд бүгд Пхеньяны өндөр түвшний инженер, компьютерчдын 30 хүнтэй багт хүчин зүтгэдэг гэнэ. Тэдгээр хүмүүс Ким Ир Сений болон технологийн их сургууль төгссөн бөгөөд Умардад үйлдвэрлэсэн хуурамч виртуаль мөнгийг зарж, хоёр жилийн дотор зургаан сая доллар олсон тухай Италийн сонинд бичжээ.


Умардын программчид Хятадад байрлаж, «дээрмийн орлого»-оо маш нууцлаг «39 дүгээр товчоо» руу шилжүүлдэг. Санхүүгийн энэхүү байгууллага нь Пхеньяны хүн орхоодой, зэр зэвсгийн хууль бус наймаанаас олсон мөнгийг хадгалдаг гэнэ.Сөүлийн тусгай албаны нэгэн ажилтны ярьснаар Өмнөд Солонгосын хакерууд тоглоомын донтнуудаас хулгай хийхийн тулд 20 мянган компьютерт программ суулгасан аж. Энэ ажиллагааг «Office 39» буюу Ким Чен Ирийн Засгийн газрын яам боловсруулсан гэнэ. Тэд гадаад валютыг хууль бусаар цуглуулж, мөн хар тамхины хууль бус наймаа хийдэг талаар Италийн «La Repubblica» бичжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.