ХЗДХ-ийн сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллалаа
2020.12.08

ХЗДХ-ийн сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллалаа

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, дэд сайд С.Баатаржав нар /2020.12.07/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажилтай танилцлаа.

2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд зорчих эрх хязгаарлах ялыг шинээр тусгасан. Уг ялыг ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шат дараатай зохион байгуулж байгаа ажээ.

ШШГЕГ-т ажиллах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хугацаанд нь бүрэн хангаж, стандартын дагуу хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Мөн боловсон хүчин, хүний нөөц хэрхэн хангагдаж байгааг тодруулан сургалт, туршилтын ажлыг яаравчлан хийх шаардлагатай байгааг онцоллоо. 

Зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн этгээдийг оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх ба өнөөдрийн байдлаар программ хангамжийн гүйцэтгэл 75 хувьтай байгааг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Энэхүү ял нь зардлын хувьд хорих ял оноосон этгээдэд зарцуулах зардлаас хоёр дахин бага байх тооцоо гарч байгаа бөгөөд хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой юм байна.