Эцгийнхээ өмнөөс хүлцэл өчив
2012.09.25

Эцгийнхээ өмнөөс хүлцэл өчив

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигч Пак Кын Хе эцгийг нь төр барих хугацаанд хүний эрх олонтаа зөрчигдөж байсанд ард түмнээсээ хүлцэл өчсөн байна. Тэрээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Чон Хи агсны ууган охин юм. Түүний аав 1961 онд цэргийн эргэлтээр төрийн эрхэнд гарсан бөгөөд 1979 онд тагнуулын албаны даргынхаа гарт амиа алдах хүртлээ төр барьсан юм. 

Пак Ерөнхийлөгчийн үед Өмнөд Солонгосын эдийн засаг хурдтай өссөн гэдэг ч түүнийг тэрс үзэлтнүүдийг хүчээр дарж, ардчиллын хөгжлийг хойш тавьсан хэмээн шүүмжилсээр иржээ. Түүний ууган охин Пак Кын Хе тус улсын эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэггэй болоод байгаа бөгөөд улмаар Өмнөд Солонгосын анхны эмэгтэй төрийн тэргүүн болох магадлал өндөр байгаа аж.

Гэвч тэрээр кампанит ажлаа эхэлсэн өдрөөсөө  эцгийнхээ талаар шүүмжлэлүүдтэй тулгарч эхэлсэн байна. Тиймээс тэрээр энэ талаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Аав минь улсынхаа эдийн засгийг амжилттай өсгөсөн. Гэхдээ энэ их өсөлтийн ард ажилчин ангийнхан маш хүнд хөдөлмөр эрхэлж, асар их ажлын ачаалалд зовж байсан. Хойд Солонгосоос үндэсний аюулгүй байдлаа хамгаалах хүчин чармайлтын ард эрх баригчид хүний эрхийг ч зөрчиж байсан. Тиймээс энэ бүхний төлөө би эцгийнхээ өмнөөс ард түмнээсээ хүлцэл өчиж байна" гэжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арван хоёрдугаар сарын 19-нд болох бөгөөд хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар Пак Кын Хе өрсөлдөгчдөө тэргүүлсэн хэвээр байгаа юм байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.