Улаанбаатарт идэвхтэй 60 гаруй голомт байна, цаашид ч нэмэгдэнэ"
Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.04.08/ 12:30 цагаас цахимаар хуралдаж, ирэх бямба гарагаас буюу энэ сарын 10-25 өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргасан. Үргэлжлүүлэн Засгийн газар 14:00 цагаас ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. Өөрөөр хэлбэл, ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрийг хүртэл 15 хоногийн хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн хөл хорионы хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргажээ.
Яг одоо Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан нар танилцуулж, олон нийтэд мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Өнөөдөр Улаанбаатар хотод 119 халдварын голомт байна. Тэрний 60 гаруй голомт нь идэвхтэй байна. Цаашид ч нэмэгдэх байх гэж бодож байна. Хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй. Шинжилгээний хариу худалддаг байж болохгүй, халдвар хамгааллын дэглэмийг сахихгүй байх ёсгүй. Энэ мэтээр хариуцлагын асуудлыг шат, шатанд нь ярьж байна" гэлээ.