Д.Ганбат: Дарангуйллын эсрэг бид эв нэгдэлтэй байж хуулийг дээдэлнэ
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигчдэд өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үнэмлэхийг нь гардууллаа.
Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын гишүүн Д.Ганбат "Эрхэм журмын нөхөд өө!, өнөөдөр ардчилсан намын нэр дэвшигч маань Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа.
Бид бүхэн 31 жилийн өмнө Ардчилалыг авчирсан Ардчилсан хүчин. Дэлхий даяар Ардчилалд аюул учирсан гэж ярьж байна. Үнэхээр аюул учирсан нь үнэн. Энэ сонгуулиар Ардчилсан нам ялвал Монгол улсын нийт ард иргэдэд эрх чөлөө, ардчилалыг эргүүлэн авах боломж олдож байна. Өнөөдөр уул уурхай, газрын баялагтаа ард түмэн эзэн болж чадахгүй байгаа.
Дэлхийн зах зээлд Монгол улсын баялагийн үнэ өртөг өндөр байгаа. Зэсийн үнэ хэдийн 10,000 төгрөгийг давсан. Нүүрс 200-300 доллар болсон. Нэг намын дарангуйлал энэ улсыг ямар болгож байна вэ. Байгалийн баялагийн ашиг шимийг тоотой хэдхэн гэр бүл хүртэж байгаа нь үнэн. Дарангуйллын эсрэг бид эв нэгдэлтэй байж хуулийг дээдэлнэ.
Дарангуйлагч нар ялалтын төлөө, өөрсдөд ашигтай байлгахын төлөө юуг ч хийдэг. Бүгдээрээ АН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнийг ялуулцгаая" гэв.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Одонтуяа нар Ардчилсан намаас нэр дэвшиж буй С.Эрдэнийг эсэргүүцэн 3 хоногийн турш Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байсан юм.