"Эхийн алдар" одонг 231 эхэд гардууллаа
Тус аймагт энэ жил "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонг 18, хоёрдугаар зэргийн одонг 213 эх тус тус хүртлээ.
Эхийн алдар одон бол ээж хүний нялх балчир үрсээ төрүүлж, өсгөх нөр их хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлж буйн өчүүхэн илэрхийлэл бөгөөд эхчүүдийг дэмжих, хүүхдийг хамгаалах төрийн бодлогын нэгээхэн хэсэг юм. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийг хангахын тулд төрөөс хүүхэд хамгааллын олон талын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн орон нутгаа хөгжүүлэх үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулсан иргэддээ төрийн дээд шагналыг Эх үрсийн баярын өдөр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан болон аймгийн удирдлагууд гардуулан өглөө.
Энэ удаад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 9, Алтан гадас одонгоор 20, Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр иргэн шагнууллаа гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.
Ташрамд, Завхан аймгийн хэмжээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар 6492 эх алдарт эхийн I, II дугаар одонтой байна. Эдгээр эхчүүд 862 сая 600 мянган төгрөгийн алдарт эхийн мөнгөн тусламжийг хүртжээ.