2021.06.16
ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагааны менежментийг сайжруулахад анхаарна
Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэр (ОНӨААТҮ)-ийн 15 байгууллагаас ес нь үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай, зургаа нь хангалттай гэсэн үнэлгээ авчээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын удирдлагуудтай уулзаж, дээрх байгууллагуудын менежментийг сайжруулах талаар ярилцлаа. Тэрбээр “Цар тахлын улмаас ОНӨААТҮГ-уудын төсвийн хүлээсэн үүрэг зарим байгууллагад биелэх боломжгүй болж, тасалдаад байгаа.
Хөрөнгийн элэгдэл, валютын ханшийн зөрүү, зээлийн хүүгийн төлбөр нь алдагдлын ихэнх хувийг эзэлж байна. ОНӨААТҮГ-ууд үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулах үүрэгтэй ч нөгөө талдаа ашиг, орлогоо нэмэгдүүлж ажиллах хэрэгтэй. Мөн нийслэлийн өмчийг ариг гамтай зарцуулах, худалдан авах ажиллагаанд анхаарч, тухайн байгууллагуудын засаглалыг сайжруулж, боловсон хүчнийг чадваржуулах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагааг хянаж, сайжруулах Ажлын хэсэг ажиллаж, хагас жил тутамд ажлаа тайлагнах юм. Ингэснээр ОНӨААТҮГ-ын ашигт ажиллагааны түвшнийг нэмэгдүүлж, үргүй зардлыг бууруулах, нөхцөл байдлыг өөрчлөх боломж бүрдэнэ.