“Үндэсний бичиг соёл, номын өдөр” нээлтээ хийлээ
Төв талбай дээр “Үндэсний бичиг соёл, номын өдөр”-ийн нээлт боллоо. Уг арга хэмжээг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам мэндчилгээ дэвшүүллээ.
“Номын мэргэн ахан дүүсийнхээ дүүрэн бэлгэтэй, түвшин жаргалтай энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай өнөөдөр ном туурвин бүтээсэн мэргэд, номд шимтэн дурладаг уншигч олноор дүүрч, монголчууд номын ертөнцөөр аялж, баяр хөөрөөр бялхан буйг харах сайхан байна. Энэхүү номын баяр бол шинэ номоо өлгийдсөн зохиолч, шинэ нээлт гаргасан эрдэмтэн, олдохуйяа бэрх болсон хуучин-ховор номын үүц задардаг “номын хишиг өдөр”. Тиймийн тул жил бүрийн хавар, намар болдог “Номын баяр”-ыг бид саатан хүлээж, зорин ирдэг билээ.
Төрийн шагналт, Ардын зохиолч Пунцагийн Бадарч гуай, Ардын жүжигчин, дуучин Шарын Чимэдцэеэ гуай; манай улсын ном хэвлэлийн шилдэг байгууллага: Монсудар, Болорсудар, Тагтаа паблишинг, Альфа номын дэлгүүр зэрэг оюун санааны түүчээ болсон эрхэм олон уран бүтээлч, номын садан маань уламжлал ёсоор хүрэлцэн ирж, уншигч олонтойгоо уулзан золгож байна. Та бүхнийхнээ бүтээл туурвилд амжилт хүсэе.
Монгол Улсын Их Хурал өнгөрсөн хаврын чуулганаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд “Үндэсний бичиг соёл, номын өдөр”-ийг жил бүрийн 5 болон 9-р сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулна гэсэн нэмэлтийг оруулж, баталсан. Уг санаачилга, нэмэлтийг УИХ-ын гишүүн асан А.Ундраа, миний бие, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнхцэцэг нар гаргаж ажилласан. Дэмжиж баталсан бусад гишүүнд ташрамд талархал дэвшүүлье. Энэхүү санаачилга бол номыг эрхэмлэн дээдэлж, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх, уншигч ард түмэн болох зорилгод бидний оруулж буй нэг хувь нэмэр юм.
Номын соёлыг дэлгэрүүлэх, ном бүтээгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, номын үйлдвэрлэл, худалдаа, номын сангийн үйл ажиллагааг дэмжих, цахим номын санг хөгжүүлэх, номын салбарт шинэчлэл хийх чиглэлд цаашид би хичээн зүтгэх болно.
Мэдлэг бол Монголын баялаг. Номын буян ашид дэлгэрэх болтугай” гэжээ.