Х.Ганхуяг: Өв залгамжлуулах нь хамгийн муу жишиг болохыг гадны том компани, корпорациудын түүх харуулж байна
2021.09.22

Х.Ганхуяг: Өв залгамжлуулах нь хамгийн муу жишиг болохыг гадны том компани, корпорациудын түүх харуулж байна

“Gogo Cafe” ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийг урилаа.

Улаанбаатарт төрж, өссөн түүний хувьд Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих үйл явц тод мэдрэгджээ. Төрж, өссөн хорооллынх нь Мянган нэрийн барааны дэлгүүрээс эхлээд III, IV хорооллын төв зам дагуу  Улаанбаатар хотын хамгийн том худалдаа, үйлчилгээний гудамж бий болсныг хүмүүс андахгүй. III хорооллын “Аз жаргал” гэсэн бичигтэй 61-р байранд Хассуурийнх хэмээх айл байв. Аав, ээжийн хүмүүжил, тоглож өссөн хорооллынх нь ажил төрөл, арилжаа наймаа буцалсан орчин түүнд хөдөлмөрлөх, бизнес хийх анхны сэдлийг өгсөн болов уу.

Х.Ганхуяг хорооллынхоо хуучнаар орос Есдүгээр сургууль, одоогийн 96-р сургуульд сурч байгаад, Орос гуравдугаар сургууль руу шилжиж, тэндээ төгсжээ. Улмаар МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэж, Гадаад албаны ажилтан мэргэжил эзэмшсэн. Оюутан байхдаа Гадаад харилцааны яаманд л ажиллахсан гэж мөрөөднө. Мөрөөдсөн ажилдаа орох боломж түүнд олдсон ч өөрөө татгалзжээ.  

 -Шалтгаан нь?

-Сарын цалин нь дэндүү бага, 10 мянган төгрөг байсан санагдана. Тухайн үеийн ханшаар 30 доллар байв уу даа. Олон улсын харилцааны дээд сургуульд солонгос, англи хэл үзнэ. Би нэгдүгээр курст байхаасаа л жуулчдад солонгос хэлнээс орчуулга хийж, өдөрт 50-60 долларын цалин авчихдаг байв. Оюутан миний өдөрт олдгоос бага цалинг Гадаад харилцааны яаманд бүтэн сар ажиллаад авна гэдэг бүтэшгүй санагдаад мөрөөдлөө орхисон.

1994 онд оюутан болсноосоо хойш гадны сургуулиудад сурахаар тэтгэлэг хөөцөлдөж, өргөдлүүд гаргасаар байлаа. Гадаадын сургуулиудын хувиарь цөөн ирэхийг хэлэх үү. Заримд нь тэнцсэн ч явж чадаагүй л юм. Манай аав, ээж хоёр 1990 онд тэтгэвэрт гарсан учир хувиараа бага сага бизнес хийх гэж оролддог. Гэхдээ намайг гадаадад сургах хэмжээний санхүүгийн боломжгүй байлаа. Би 1999 онд их сургуулиа төгсөөд, Солонгост сурах боломж олдов. Солонгос судлалын академи гэж Солонгосын Ерөнхийлөгч болсон хүн очиж тангараг өргөдөг нэр хүндтэй сургууль байсан. Сар бүхэн 200 долларын стипендтэй, байр үнэгүй. Би хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд боломжийн явж байлаа. Хоёр дахь семестртээ ороод байтал “Ээж өвдсөн” гэж Монголоос дуудлага ирсэн.

Манай ээж хорооллын Мянган барааны дэлгүүрт ломбард, жижиг лангуу ажиллуулдаг. Ээж “Аз жаргал”-тай байрнаасаа ажил руугаа өдөр бүхэн алхдаг. Ажилдаа явж байгаад хаврын цас хайлмагтсан хальтиргаатай үед унаад, ээж нурууны гэмтэл авчихсан. Тухайн үед III эмнэлэгт мэс засалд оруулахаар болж, төлбөр нь 5.5 сая төгрөг гэсэн санагдана. 2001 онд манай гэр бүлд ахадсан мөнгө байлаа. Миний Солонгост цуглуулсан хэдэн төгрөг дээр ах, дүү хамаатан саднууд тал талаасаа дэмжсэн. Аав ч хөөрөг зэрэг өөрт байгаа үнэ хүрэх бүхнээ зараад, хагалгааны мөнгийг гаргаж, ямартай ч ээжийгээ босгоод авсан даа.

-Ээжийгээ босгож аваад Солонгос руу буцсан уу?

-Манай гэр бүл байдгаа шавхсан учир надад буцах бодол ч төрсөнгүй. Ажил эсвэл бизнес хийе гэж шийдсэн. 2000-аад оны тэр үе бол манай гэр бүлийн хувьд санхүүгийн хүндрэлтэй үе байсан. Би гэртээ үлдэж, харин манай ах Солонгос руу хар ажил хийхээр явсан.

-Ямар ямар бизнес хийж үзэв?

-Би их сургуульд байхын л янз бүрийн ажил хийдэг байлаа. Жуулчдад хөтөч хийлээ. Ресторан, баар ч ажиллуулж үзлээ. Аялал жуулчлалын чиглэлээр ажиллах гэж үзээд дампуурч байсан даа.

Гадаадын хөрөнгө оруулалтыг л нэмэгдүүлэхгүй бол улс дотроо ЖДҮ-ийн зээлийг яаж ч тараагаад нэг гараасаа нөгөөдөө өгч байгаатай утга ижил юм.

-Таны амжилттай болсон анхны бизнес юу байв?

-Hite гэж шар айраг байсан даа. Тэр үед Монголд Hite-ыг 5-6 компани оруулж ирдэг байлаа. Бид Монгол дахь зургаа дахь дистрибьютерийн эрхийг авсан. Манай өрсөлдөгч нар MCS тэргүүтэй Алтангадас, Энигма, Бридж гэх мэт дан том компаниуд. Би найзтайгаа хоёулаа эхлүүлсэн, бидэнд ажилтан гэж байсангүй. Борлуулалтаа өөрсдөө л хийнэ. Бидний өдөрт зарцуулах төсөв 2000 төгрөг. Түүнийхээ 1000-аар нь бензинээ хийнэ. Үлдсэнийг хоол унд бусад зардалдаа зориулна. Хоёулхнаа  дэлгүүр бүхнээр явж түгээлт хийх боломжгүй байсан учир бөөний төвүүдтэй түншилж эхэлсэн. Анхны контейнер ачаагаа EFES бөөний төвд худалдаж байв.

Дараа нь хэд хэдэн бөөний төвийг барьж аваад хамтарч ажилласан. Хоёулхнаа учир зардал багатай нь бидний давуу тал. Тиймээс бөөний үнийг өрсөлдөгчдөөсөө хамгийн доод түвшинд авчирсан. Бөөний төвүүд цаашаа жижиглэнгийн худалдаагаа хийнэ. Ийм маягаар нэг жил тасралтгүй ажилласны үр дүнд зэрэгцэн ажиллаж байсан таван дистрибьютерийн гурав нь татгалзлаа. Хамгийн сүүлд MCS л үлдсэн байсан. MSC манайд дистрибьютерийн эрхээ заръя гэхэд нь авсан. Найз бид хоёр анх нэг контейнер шар айрагны мөнгөтэй байсан. Дээр нь найзаасаа мөнгө зээлж, 24 мянган доллар буюу гурван контейнерээр эхлээд эхний жилдээ 70-80 контейнерийг зарсан санагдаж байна. Хоёр дахь жил нь борлуулалт хоёр дахин нэмэгдэж, жилдээ 400-500 контейнерийг зардаг болов. Барааны эргэлт нь хурдан, дээр нь онцгой татвартай, төлсөн татвар нь өндөр учир хоёр дахь жилдээ Монголын Топ-100 ААН-ийн нэг болсон. 

Гадаадын хөрөнгө оруулалтыг л нэмэгдүүлэхгүй бол улс дотроо ЖДҮ-ийн зээлийг яаж ч тараагаад нэг гараасаа нөгөөдөө өгч байгаатай утга ижил юм.

Уналт, бүтэлгүйтэл бүхэн дараагийн зөв зам руу нь чиглүүлж өгдөг
-Хөдөлмөрлөжээ, амжилт ч хурдан ирж.

-Компани маань Топ-100 аж ахуйн нэгжээр шалгараад эхлэхэд бизнес хийхэд амархан ч юм шиг санагдаад эхэлдэг юм байна. Дараагийн бизнесийнхээ суурийг шар айргийн худалдаанаас олсон хөрөнгөөр тавьж, компаниа өргөжүүлэх гэсэн боловч туршлага дутсан. Залуу ч байж, унасаан унасан. Гэхдээ би уналт, бүтэлгүйтлийг дараагийн зөв зам руу нь чиглүүлж өгдөг гэж боддог. Бизнесээ дампууруулахын ирмэгт хүргэж байсан үе надад олон бий. Анхнаасаа эрсдэлээ сайн тооцож чаддаг хүн алдахгүй байх л даа.

-Алдаанаасаа ямар сургамж авсан бэ?

-Топ-100 аж ахуйн нэгж болсноос хойш ч алдаж л байсан. Залуу насанд алдахаасаа айх хэрэггүй юм. Алдаа хүнийг эрсдэлээ сайн тооцоход, алдаагаа давтахгүй болоход сургаж, чамбайруулдаг. Сайн зөвлөхтэй хүн алдаа бага гаргах байх. Надад ментор гэж байсангүй. Аав, ээж хоёр минь зах зээлийн нийгмийн талаар ойлголт багатай хүмүүс. Зэрэгцээд бизнес хийдэг ах нар байсан ч өрсөлдөгч учир юм асуухаасаа эмээдэг тийм л залуу нас байлаа.

-Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх бизнесээ эхэлсэн тань хэдэн он байв?

-Шар айргийн бизнес тогтворжоод эхлэхэд хоёр дахь жилээс нь уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх дистрибьютерийн эрхийг 2005 онд авлаа. Манай улсад уул уурхайн салбарын олборлолт ид эхэлж байсан үе. Анх Солонгосоос нэг ширхэг эксковатор аваад, зарж чадахгүй 5-6 сар болов оо. Вагнер Азид ажилладаг нэг найзаасаа хүнд машин, механизм борлуулах сургалт авч, өөрөө худалдааны ажилтнуудтайгаа хамт суусан. Сургалтын 14 хоногийнхоо долоо дахь өдөр нь эксковатораа зараад, дахин захиалга хийсэн. Тоног төхөөрөмжийн бизнесээ босгоход багагүй хугацаа орсон. 2005-аас 2007-2008 он хүртэл нэлээд ажиллаж байж босгосон. 2008 онд барилгын бетон зуурмаг, бетонон хийц, хөнгөн блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ремикон” компаниа байгуулж, Монголын хөрөнгийн биржид хувьцаа гарган арилжаалж, нээлттэй компанийн хэлбэрээр ажиллаж эхэлсэн.

"Өөрийгөө үргэлж голж бай. Хүн өөрийгөө болчихлоо гэж бодсон цагт унадаг. Чамтай ижил түвшний, чамаас илүү амжилттай яваа хүмүүс олон бий” гэж аав минь захидаг...



-2011 онд манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, уул уурхайн салбар цэцэглэж байсан үеийг дагаад тоног төхөөрөмжийн бизнес тань товхийгээд ирсэн байлгүй?

-Тэгсэн гэж болно. 2013 оныг хүртэлх сүүлийн гурван жил дараалан ашигтай ажиллалаа. Гэхдээ энэ сайхан цаг үе удаан үргэлжлээгүй. Монгол Улсад уул уурхайн салбарын өсөлт оргилдоо хүрч, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрдэг 2011 онд компаниудаа уул уурхайн бус олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй анхны компани болгох зорилт тавилаа.

Монголын арилжааны банкууд нэг зээлдэгчид өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй зээл олгодог. Тухайн үед манай банкуудын дүрмийн сан бага байсан учир хүссэн хэмжээний хөрөнгө босгох боломжгүй. Тиймээс урт хугацаатай, хүү багатай өрсөлдөх чадвартай зээлийг гадаад зах зээлээс хайсан. Ингээд Европын сэргээн босголт хөгжлийн банк /EBRD/, Нидерландын хөгжлийн банк зэрэг гадны олон банк, санхүүгийн байгууллагаас хайсан зээлээ авсан. Гадны банк, санхүүгийн байгууллагын зээлийн шалгуур өндөр. Компани сүүлийн гурван жил ашигтай ажилласан байх, мөн гаднын байгууллагуудаар аудит хийлгүүлсэн байх гэх мэт шалгуурыг 2011, 2012, 2013 оны гурван жилийн өсөлттэй байх үедээ хангасан.

Гэтэл зээл авсны дараа 2014 онд долларын ханш өсчихсөн. 2014 оноос хойш төгрөгийн ханш жил бүр 30 хувиар унаж эхэлсэн. Ханш 30 хувиар ханш унахад Монголд ямар ч бизнес хийгээд ашиггүй байгаа юм. Тэгэхээр нөгөө их долларын зээлүүд шууд алдагдал болсон. 10 сая долларын зээлтэй байхад жилийн дотор 16 тэрбум төгрөгийн өр боллоо. Зээлээ төлсөөр байтал дараа жил нь 20, 25 тэрбумын өр болж байсан. Ханшийн уналтын хайчин дунд 2016 онд Монголын ихэнх компаниуд дампуурлын ирмэгт тулсан.
Дээр нь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласнаас болж, Монгол руу мөнгө орж ирэхээ больж, тэлж байсан эдийн засгийг шууд боомилсон. Улсын эдийн засгийн агшилтыг дагаад манай компани ч дөрвөн жил дараалан алдагдал хүлээсэн.

Улс төр, бизнесийн үйл ажиллагааныхаа заагийг гаргахын тулд өөрийн эзэмшлийн компаниудаа нээлттэй, хувьцаат компани болгохоор шийдвэрлэсэн...

Бидэнд хоёр хөрштэйгөө  ажиллах худалдааны нөхцөлөө тохирч, гэрээ хэлэлцээрээ хийх боломж байлаа. Боломжоо нэгэнт ашиглаагүй учир одоо хэлэлцээрийн зарчмаар ярилцахаас өөр замгүй...

 -Тэр хүндрэлийг яаж давав?

-Дотоодын банкуудаас авсан долларын зээлүүдээ төгрөг рүү хөрвүүлэх, гадаадын зээлдэгчидтэйгээ хэлцэл хийж хөнгөлөлт тохирох зэргээр явсаар байгаад 2016-2020 онд ихэнх зээлээ төлж дуусгасан даа. 2016 оноос л эдийн засаг арай тогтворжиж, бизнес эрхлэгчид амьсгаа авах боломж гарсан. Төр засгийн тогтворгүй байдал бизнес эрхлэхэд хамгийн их хүндрэл учруулдаг.

Тухайн үед Ардчилсан нам олонхийн суудал авч, засгийн газраа байгуулсан. Барууны үзэл сурталтай нам либериал байх ёстой атал 2012 онд зүүний экстремист бодлого явуулсан. Бизнесүүдийг орчныг боомилж, ашигт малтмалын лиценз олгохыг хориглож, Хөрөнгө оруулалтын тухай хууль баталж, гадаадын хөрөнгө оруулалтыг хаасан. Монголд хөрөнгө оруулсан гадаадын зарим нэг хөрөнгө оруулагчийг шоронд хүртэл суулгасан. “Үнэ тогтворжуулах” нэртэй хөтөлбөр гаргаж, долларын ханш 1600-2000 хүрээд байхад Монголын цөөн хэдэн компанид 1450 төгрөгийн ханшаар санхүүжилт өгсөн. Тэгэхэд санхүүжилт авсан хэдэн компаниас бусад нь амьд үлдэх аргагүй, их хорлонтой дөрвөн жил байсан. Тэр үед олон компани дампуурсан. Хүмүүс тэр үеийг мартсан шиг байгаа юм.  

Төрийн оролцоо бага, бодлого тогтвортой байх нь бизнест хамгийн ээлтэй
-Та төрийн тогтворгүй, алдаатай бодлогоос болж хохирч үзсэн бизнесмэн. Ер нь бизнес хийхэд хамгийн ээлтэй орчин, төрийн бодлого гэж юуг хэлэх бол?

-Төрийн оролцоо бага, төрийн бодлого тогтвортой байх нь бизнес хийхэд хамгийн ээлтэй орчин. Ерөнхийлөгчийн санаачилгаар өнгөрсөн долоо хоногт “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Тэр үеэр Ерөнхий сайд цаашид хэрхэн ажиллах тухай эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого танилцууллаа. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэг чиглэлээр ажиллах зорилгоо бизнес эрхлэгчдэдээ танилцууллаа.

Энэ бодлого гол нь тогтвортой байх хэрэгтэй.Төрийн бодлого багадаа 5-10 жил тогтвортой үргэлжилбэл хүмүүс бизнесээ төлөвлөн, хөрөнгө оруулалт хийж, эрсдэлээ тооцон үйл ажиллагаагаа эхэлнэ. Манайд бол бизнесээ дөнгөж эхэлж байхад төрийн бодлого өөрчлөгддөг. Төрийн оролцоо гэдэгт төрөөс авдаг төрөл бүрийн зөвшөөрлүүдийг хэлж болно. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тэр зөвшөөрлүүд маш үнэтэй олддог, бизнесийн өртөг зардлыг нэмэгдүүлдэг, үүний цаана авлига байдаг. Хүссэн зөвшөөрлөө авч чадахгүй энэ бүх хүнд суртлаас болж хамгийн их хохирдог.

-Улс төрийн бүх түвшинд нэг нам ялалт байгуулж, төрийн эрх барьж байгаа өнөөдөр бизнесийн таатай орчин бүрдэж чадсан болов уу?

-Монголын улс төрийн орчинд том том өөрчлөлтүүд орлоо л доо. Сүүлийн нэг жилийн хугацаанд банкны салбарт реформ хийлээ, банк олон нийтийн өмч байх ёстой гэсэн шийдвэр гарсан. Өнгөрсөн хугацаанд банк хууль бус өмч хувьчлалд оролцдог, барилга, бүтээн байгуулалтын ажил хийдэг зэрэг асуудал үүгээр хязгаарлагдсан. Ингэснээр бусад бизнес эрхлэгчдэд зээлийн хүртээмж нэмэгдэнэ гэсэн үг. Өмнө нь банкууд хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр өөрийн мөнгө шиг бизнес хийдэг байдал хуулиар хязгаарлагдсан. Одоо бол бизнесийн салбар бүрд мэргэшсэн тоглогчид гарч ирсэн. Мөнгөтэй л бол ямар ч салбарт хөрөнгө оруулж, амжилт гаргана гэдэг хэцүү болсон.

Залуу насанд алдахаасаа айх хэрэггүй юм. Алдаа хүнийг эрсдэлээ сайн тооцоход, алдаагаа давтахгүй болоход сургаж, чамбайруулдаг. 

Банк хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр буруу хөрөнгө оруулалт хийж эрсдэлд оруулах, хадгаламж зээлийн хоршоодын түүхийг давтах процесс явагдаж байсан. Энэ бүхнийг сая Банкны тухай хуулиар зогсоож, банк олон нийтийн өмч байна гэж хуульчилсан. Банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ 20 хувиас ихгүй байхаар заасан. Энэ бол миний УИХ-ын гишүүн болсноос хойш бизнес эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр ажилласан хуулиудын нэг. Үүний дараа бизнесийн орчныг эрүүлжүүлэх буюу өрсөлдөөний орчныг нэмэгдүүлэх бодлогууд Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдана. Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд авчрах Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.

Тэгш боловсрол гэж хаана ч байхгүй. Социализмын үед ч байгаагүй. Хүмүүс боловсролыг адилхан байх ёстой гэдэг. Тэгш боловсролоос илүү хүүхдээ хөгжүүлэх боломж нь нээлттэй байх ёстой.

-Монголд гадаадын хөрөнгө оруулалт гэж бараг байхгүй болсон. Хөгжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалт татахаас өөр замгүй биз дээ?

-Эдийн засгийг тэлэх гурван гол эх үүсвэр байдаг. Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалт. Хоёрдугаарт, гадаадаас зээлийн хэлбэрээр орж ирж буй санхүүжилт. Гуравдугаарт, экспортыг нэмэгдүүлэх. Манай улсын хувьд байгалийн баялгаасаа өөр экспортын бүтээгдэхүүн маш бага. Орос руу экспортолъё гэхээр 40 хувиас дээш татвартай. Татвар өндөртэй учир манай улс  ноос, ноолууран бүтээгдэхүүнээ хойд хөрш рүүгээ гаргаж чаддаггүй. Хятад улсад бол ашигт малтмалаас бусад бүтээгдэхүүний татвар бас өндөр. Тэгэхээр бид юуны өмнө хоёр хөрштэйгээ худалдааны хэлэлцээр хийх ёстой юм.

-Энэ тухай эртнээс яригдсан ч шийдэлд хүрэхгүй байна л даа?
  • Хэн ч хийхийг хүсэхгүй байна. Асуудлууд байгаа нь үнэн. Худалдааны хэлэлцээр хийж бүх бүтээгдэхүүнээ татваргүй нийлүүлэх боломжгүй. Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дээр харилцан ашигтай хэлэлцээр хийх тухай асуудал юм. Та манай энэ бүтээгдэхүүнийг татваргүй оруул, бид танай тэр бүтээгдэхүүнийг татваргүй оруулъя гэх байдлаар харилцан ашигтай хэлэлцээр хийх ёстой юм. Жишээлбэл, NAFTA буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг мэдэх биз. 1994 оноос хэрэгжсэн Канад, Мексик, АНУ-ын худалдааны хэлэлцээрээ /NAFTA/ гурван улсын удирдагчид 2018 онд болсон Их-20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр шинэчлэн байгуулсан байдаг. 2020 оноос хэрэгжиж эхэлсэн шинэ хэлэлцээр нь /USMCA/ жилдээ 1.5 их наяд ам.долларын эргэлттэй, дэлхийн хамгийн том зах зээлийн худалдааны журмыг зохицуулдаг. Түүнтэй утга жил гэрээг Монгол Улс хоёр хөрштэйгээ яаралтай хиймээр байна.
  • Жишээ нь, Оросоос нефьтийн бүтээгдэхүүнээ татваргүй авч, зөрүүлээд мах, ноос ноолууран бүтээгдэхүүнээ татваргүй гаргадаг болбол экспорт тэлнэ ээ дээ. Хятадаас мөн адил дотооддоо үйлдвэрлэж чадахгүй бүтээгдэхүүнээ татваргүй аваад, хариуд нь байгалийн баялаг, хүнсний бүтээгдэхүүнээ татваргүй гаргавал манай эдийн засаг тэлнэ. Түүнээс биш дотроо ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг яаж ч тараагаад зах зээл нь байхгүйгээс хойш нэг гараасаа нөгөөдөө өгч байгаатай утга ижил юм.
-Энэ гаргалгааг эртнээс ярьж эхэлсэн боловч тодорхой шийдэл алга. Их гүрнүүдтэй харьцахад бяр дутаад байна уу. УИХ-ын түвшинд яаж ажиллах гарц харагдаж байна вэ?

-Юуны өмнө бид Худалдаа хариуцсан яамтай болох хэрэгтэй. Бид нар нэг боломж алдсан. Ямар боломж вэ? гэхээр манай улс хоёр хөршөөсөө өмнө Дэлхийн худалдааны байгууллагын /WTO/ гишүүнээр элссэн. Хоёр хөрш орон WTO-д элсэхэд нь бид олон улсын худалдааны дүрэм журмын дагуу энэ салбарт харилцан ашигтай хамтарч ажиллах нөхцөлөө тавих ёстой байв. Улс орнууд ДХБ-д шинээр элсэхэд нь гишүүн орнуудынхаа саналыг асуудаг. Тэр үед нь бидэнд хоёр хөрштэйгөө  ажиллах худалдааны нөхцөлөө тохирч, гэрээ хэлэлцээрээ хийх боломж байлаа. Боломжоо нэгэнт ашиглаагүй учир одоо хэлэлцээрийн зарчмаар ярилцахаас өөр замгүй. Түүний тулд худалдааны асуудлыг хариуцсан эрх бүхий байгууллага буюу Худалдааны яамыг байгуулах шаардлагатай. 

Залуучууд цагийг хамгийн их үнэлдэг, хайрцаггүй сэтгэдэг байвал сайн
-Бизнес эрхлэгчид улс төрд ороход бизнесийн ашиг сонирхлоо хамгаалах гэж байна гэсэн хардлага хамгийн түрүүнд үүсэж шүүмжлэл дагуулдэг. Зарим тохиолдолд үнэхээр тийм мэт санагдах үе бий. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? 

-Би нэгэнт улс төрийг сонгосон учир улс төр, бизнесийн үйл ажиллагааныхаа заагийг гаргахын тулд өөрийн эзэмшлийн компаниудаа нээлттэй, хувьцаат компани болгохоор шийдвэрлэж, бэлтгэл ажлаа хийж байна. Хувьцаат компани болсноор олон нийтийн хяналтын дор үйл ажиллагаагаа ил тод явуулна. Энэ шийдвэрийг би сүүлийн нэг жилд гаргасан. Хэрэв компани ашигтай ажиллаж байгаа бол олон нийтийнх болоод хожиг. Шилэн болгосноор бизнест миний оролцоо байгаа эсэх нь аяндаа мэдэгдэнэ. Тайлан баланс, данс нь нээлттэй, гаргасан шийдвэрүүд нь ил тод болж олон нийтийн хяналтад орно. Түүнээс одоо “Бизнетсээ миний нөлөө байхгүй” гэж мянга хэлээд хэн ч итгэхгүй. Хүмүүс хардах эрхтэй.

Амьдрал бол тэмцэл. Гэхдээ өөрөө өөртэйгээ л тэмцдэг. Өөр хэнтэй ч өрсөлдөхгүй...



Нөгөө талаар өнөөгийн УИХ-ын гишүүд бид өмнөх Парламентуудын гишүүдтэй харьцуулахад Улсын төсөв хэлэлцэхэд саналаа хэлж болохоос биш хөрөнгө тусгуулах, хасуулах эрхгүй, томилгоонд оролцохгүй. Давхар дээл өмсөхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан дээрх заалтууд хэрэгжиж байна. Хуулийн хэрэгжилтийг хянаж болно. Энэ бол зөв хандлага. Гэхдээ орон нутгийн захиргааны байгууллагуудад илүү эрх мэдэл өгсөн бол! гэж боддог. Яагаад гэхээр, орон сууцны дээврээс дусаал гоожиход, хүүхдийн сургалтын төлбөрөө төлж чадахгүй бол, гудамжинд хог овоолсон байхад ч гишүүндээ ханддаг. Сүүлдээ манай орцонд хүүхэд уйлаад байна гэж байна. Бүх асуудлын шийдэл нь УИХ-ын гишүүн гэж хараад байгаа юм. Дүүргийн Засаг дарга, хороон дарга зэрэг шат шатны удирдлагууд нь бий. Энэ талын төсвийн болон шийдвэр гаргах эрх мэдлийг нь орон нутагтаа шилжүүлмээр байгаа юм.

  1. УИХ-ын гишүүдийн дараагийн сонгуулиа бодсон алхмууд л сонгогчдыг ийм байдалд дасгачихсан юм шүү дээ.  
  2. Өмнөх тогтолцоо ийм болгожээ. Орон нутагтаа төсвийн эрх мэдлийг нь өгвөл дээрх асуудлууд шийдэгдэнэ. Төсөв батлахад гишүүд тойрог тойрог руугаа хандсан асуудлуудаа зоргоороо тусгаж, нэмж хасдаг байсан учир иргэд ч хандаад сурчихаж дээ.  
-Та нэг хэсэг хувийн бизнесээ өргөжүүлэхийн төлөө ажилласан байх. Одоо таны зорилго юу вэ?

-Цаг үеэсээ шалтгаалан зорилго аажмаар өөрчлөгдөх юм. 2013 оноос эхлэн эдийн засаг, бизнестэй холбоотой хэлэлцүүлэг, форумуудад оролцож, төрийн бодлогыг их шүүмжилдэг байлаа. Тэр үед хэн ч сонсдоггүй байсан. АН төрийн эрх барих 2012-2016 онд 3-4 жил дараалан эдийн засгаа хорлож, бизнес эрхлэгчдэд дандаа нуруугаа харуулсан жилүүд үргэлжилсэн. Хаашаа ч хандсан хана мөргөж байв.

-Та АН, дараа нь ХҮН-ын гишүүн байсан. Эцэст нь МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Намаа солих шалтгаан юу байв?

-Ардчилсан намыг дэмжигч байсан. Манай найз нар АН-д байдаг. Тэр үед үнэмлэх өгөөд л “Манай АН-ын гишүүн шүү” гэчихдэг байсан. Тийм байж магадгүй гэж бодоод “Би АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байна” гэдгээ хэлсэн. 2016 онд ХҮН намд элссэн чинь сарын дараа хоорондоо үзэлцээд унахад нь итгэл үнэмшил суларсан. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшлээ. 2017 онд Ардын намд элсэж, намын Үүрийн дарга болж, намын анхан шатны байгууллагаас нь ажилласан.   

-Хууль тогтоогч төрийн түшээ хүний хувьд хойч үедээ ямар нийгэм үлдээхийг хүсэж байна вэ?

-Ардчилсан, эрх чөлөөтэй л нийгэм хэрэгтэй. Санхүүгийн эрх чөлөө үгүй бол өөр эрх чөлөө байхгүй. Бусдыг нь боомилж болдог. Ардчилал бол бидний хамгийн гол үнэт зүйл. Ийм эрх чөлөө манай хоёр хөршид байхгүй. Хоёр хөршид төдийгүй, төв Ази, дундаж Азийн орнуудаас бидний ялгарах үнэт зүйл бол ардчилал. Ардчилал, эрх чөлөө нь байхад боловсрол, эрүүл мэндийн гэх мэт асуудлуудаа шийдэж болно.

Улаанбаатар хотын зүрхэнд оршин Гандангийн дэнжийн гэр хорооллын хуучин хэв маягийг алдуулахгүйгээр хөгжүүлж, дахин төлөвлөлт хийхээр ажилдаа ороод байна...

-Монгол Улсад боловсролын тэгш бус байдал газар авсан гэх шүүмжлэл бий. Үүний Та юу гэж бодож байна вэ?

-Тэгш боловсрол гэж хаана ч байхгүй. Социализмын үед ч байгаагүй. Хүмүүс боловсролыг адилхан байх ёстой гэдэг. Тэгш боловсролыг шаардахаас илүү хүүхдээ хөгжүүлэх боломж нь нээлттэй байх ёстой. Гэхдээ цар тахлын энэ үе бол өөр. Хүүхдүүд боловсролоор хоцрогдож байгааг өөрийн хүүхдүүдээс харж байсан учраас Баянгол дүүрэгтээ төгсөх ангийн сурагчдад зориулж дүүргийн хамгийн шилдэг 80 багшийг сонгоод, сурагчдад ЭЕШ-д бэлтгэх давтлагыг онлайнаар өгүүлсэн.

Цахим платформд нь хөрөнгө оруулалт хийлээ. Бараг 100-гаад сая төгрөгийн өртөгтэй төсөл болсон байх. Сургалт үр дүнгээ өгсөн, одоо цахим платформоо аваад үлдсэн. Тэрийг нэмж хөгжүүлээд, ашиглаад явах боломжтой. Төгсөх ангийн 2400 сурагч хамрагдаж, манай дүүргийн сурагчдын ЭЕШ-ын дундаж оноо өмнөх жилийнхээс өссөн. ЭЕШ-д 800 оноо авсан хүүхэд өмнө нь 2-3 байсан бол энэ жил 12 хүүхэд дээд оноо авсан. Багш нарын заах арга барил болон хүүхдийн хүлээн авах чадвар харилцан адилгүй. Хүүхэд багшаа сонгох боломжийг бүрдүүлбэл хүүхэд илүү амжилттай сурах үүд хаалга нээгдэнэ. Ийм боломжийг бүрдүүлэх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгэхээр багш нар ч  өөрийгөө хөгжүүлнэ, дагаад хөгжинэ.

-Залуу хүн ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Залуучууд цагаа л хамгийн сайн үнэлдэг, хайрцаггүй сэтгэдэг байвал сайн. Хүн амьдралыг үнэлж, дүгнэдэг хамгийн том төлбөрийн хэрэгсэл бол цаг хугацаа. УИХ-ын гишүүд ч гэсэн иргэдээс дөрвөн жилийн хугацаа л авсан. Өнөөдөр юу хийж байна вэ? Тэр бол таны маргаашийн амьдрал гэсэн үг.

Үүн дээр нэмж хэлэхэд манай аавын сургаж хэлдэг үг бий. “Өөрийгөө байнга голж бай” гэж. 2013 оны үед манай гурван компани Топ-100 ААН болсон. Би 2014 онд Харвардын их сургуульд сураад ирчихсэн, бүх юм болоод байгаа юм шиг санагдах болсон үе байв. Тэр үед аав энэ үгийг хэлсэн. “Хүн өөрийгөө болчихлоо гэж бодсон цагт унадаг. Чамтай ижил түвшний, чамаас илүү амжилттай яваа хүмүүс олон байна” гэлээ. Энэ үгийг тухайн үедээ магадгүй анзаарч хүлээж аваагүй байх. Тэгээд л 2014 онд долларын ханшийн өсөлтөөс болоод унасан даа. Тэр үеэс хойш аавын үг миний амьдралын философи болсон. Тасралтгүй суралцаж байх ёстойг ойлгосон. 2018 онд Канадын Бритиш Колумбийн Их Сургуульд Уул уурхайн засаглалын чиглэлээр суралцаад, судалгааны ажлаа эхлүүлсэн байгаа. Хөгжихийн тулд хүн өөрийгөө л байнга байранд нь тавьж байгаа хэрэгтэй юм билээ. 

-Амьдрал бол тэмцэл гэдэг дээ?

-Амьдрал бол тэмцэл мөн л дөө. Гэхдээ өөрөө өөртэйгээ л тэмцдэг. Өөр хэнтэй ч өрсөлдөхгүй. 

Сагс, фитнес бол миний хобби биш, ажлын нэг хэсэг
-Таны бизнесийн замналыг харахад саяхныг хүртэл уналт, сэргэлтийн цикл дунд явсан ажээ. Уналтаасаа ямар сургамж авав?

-Нэг биш, нэлээд олон удаагийн уналт л даа. Юу хийхээсээ л хамаарна. Өнөөдрийн өнцгөөс харахад шинэ ажлыг сайн тооцоо судалгаанд үндэслэж хийвэл уналтын давтамж багасна. Хэр чанга унах вэ гэдэг нь хамаарна. Судалгаа багатай ажилладаг нь монголчуудын нийтлэг алдаа. “Эхлүүлчихвэл болно” гээд ордог, уналтаасаа гарах гэж маш их хугацаа алддаг. Тэгэхээр яаран эхэлье гэхийн өмнө судалгаа хийж, эрсдэлээ тооцсоны дараа ажилдаа орвол заавал унах албагүй шүү дээ. Аавын хэлдэг бас нэг зүйл нь хүн сонсож сур гэдэг.

Шинэ бизнес эхлүүлэхдээ судалгаа багатай ажилладаг нь монголчуудын нийтлэг алдаа. “Эхлүүлчихвэл болно” гээд ордог, уналтаасаа гарах гэж маш их хугацаа алддаг.

-Та хэр сайн сонсогч вэ?

-Би сонсохыг хичээдэг. Сонсоход заавал хэрэгтэй юм гардаг. Бусдыг сонсохгүй л бол алдаа гарна. Сонсох нь судалгааны нэг хэсэг. Би одоо компанийнхаа үйл ажиллагаанд ер оролцдоггүй. Оролцохгүй байх ямар менежентийг арга барил хэрэглэж байна гэхээр манай гүйцэтгэх удирдлагын баг гэж бий. Гүйцэтгэх захирлууд хуралдаад, нэг санал дээр 100 хувь нэгдсэн тохиолдолд шийдвэрээ гаргадаг. Нэг хүн эсрэг байр суурь илэрхийлээд байвал тэр хүнийг яриаг сонсоод “яагаад” гэдгийг мэдэх ёстой. 2016 оноос хойш ийм зарчмаар ажиллаж байна. Манай багийн хувьд үр дүнтэй болох нь батлагдсан.

-Бизнесээ амжилттай явуулахад ямар зарчим тань хамгийн их тус болсон бол?

-Non stop. Зогсоо зайгүй, хагас бүтэн сайнгүй ажилладаг.

-Завгүй байсан ч байнга хийж хэвшүүлсэн сайн дадал зуршил гэж Танд байдаг уу?

-Миний ажлын цагийн төлөвлөлтийг туслахууд долоо долоо хоногоор гаргачихдаг. Ажлын бус цагаа би өөрөө төлөвлөнө. Ямар ч ажилтай байсан долоо хоногт 4-өөс доошгүй удаа фитнест явдаг. Мөн мягмар, баасан гараг бүр 3х3 багийнхантайгаа яг тэр дүрмээр нь сагс тоглодог. Би багийн эзний хувиар тамирчдаа байнгын бэлтгэлтэй байлгаж, асуудлыг нь илүү сайн ойлгохын тулд өөрөө тоглодог.

Спорт бол нягт нямбай байдал, өндөр зохион байгуулалт, тэсвэр хатуужил шаарддаг. 3х3 сагсан бөмбөгийн тамирчид өндөр ачаалалтай тоглодог. Дөрвүүлхнээ сэлгээ гэж байхгүй тоглоно. Нэг нь л цуцаад суучихвал хожигдоно. Тиймээс тамирчдаа байнгын бэлтгэл хийлгэж, амжилт ч өссөөр байна. “Токио-2020” олимпоор манай нэг тамирчин бол минутаа дуустал тоглоод, хоёр хуруугаа хугалаад буусан. Тэр утгаар спорт хатуу л даа. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3x3-ын дэлхийн чансааг энэ сарын 18-нд шинэчилж, манай U23 эмэгтэй багийнхан дэлхийн чансааг тэргүүллээ. 

Сагс, фитнес бол миний хобби биш, ажлын нэг хэсэг юм. Спортоор хичээллэх нь стресс тайлна, эрүүл байлгана. Мөн муу зуршлаас хол байдаг. 

Би хүүхдүүддээ хөрөнгө өв залгамжлуулахгүй, боловсролд нь хөрөнгө оруулалт хийнэ
-Та хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг вэ?

-Манайх гурван хүүхэдтэй, хүүхдүүд бага байна. Би хүүхдүүддээ хөрөнгө өв залгамжлуулахгүй гэж боддог. Харин боловсролд нь өөрийнхөө чадах хэмжээгээр хөрөнгө оруулалт хийнэ. Өв залгамжлуулна гэж хамгийн муу жишиг болохыг гаднын том компани, корпорациудын түүх харуулж байна шүү дээ. Монголоос бусад оронд өв залгамжлалын татвар маш өндөр. Яагаад гэдгийг бодож үзсэн үү?

-Яагаад?

-Хүн амьдралаа боломжийн түвшинд аваад явах хэмжээнд хүрсэн бол дахин нэмж хөрөнгө  хураагаад байх шаардлагагүй юм. Яагаад дэлхийн алдартай баячууд хүүхдүүддээ өв залгамжлуулахгүй гэж хэлдэг вэ? Тэд хүүхдээ хүн болгохыг хүсдэг. Өөрийнх нь замналаар амьдруулахыг хүсдэг. Гэнэт өвлөсөн их хөрөнгө ихэнхдээ хүнийг эвддэг. Нөгөө талаар гэнэт өв залгамжлагч болоход хөрөнгийг ихэнхдээ буруу зарцуулсан байдаг. Өв залгамжлах татвар өндөр байснаар авлига, хулгай багасдаг.

Байгуулсан компаниудаа харин олон нийтийн нээлттэй компани болговол дампуурах эрсдэл бага, эрүүлээр ажиллах хөрс бүрддэг. Энэ яваандаа Монголд заавал хийх зохицуулалт болно. Монголд одоогоор энэ тухай хараахан ярьж эхлээгүй байна. Зах зээлийн эдийн засагт шилжээд 30-хан жил болж байгаа учир Монголын топ компаниудын хоёр, гурав дахь үе одоо л гарч ирж эхэлж байна. Тэгэхээр энэ зовлонг нь манайхан амсаагүй л байна. Компаниа өвлүүлээд дампуурууллаа гэхэд олон хүний ажлын байр, улсад төлдөг байсан татвар тасалдана. Тэр нь зөвхөн компанидаа төдийгүй улс орны эдийн засагт доргио авчрах хэмжээний нөлөө үзүүлж болох юм. Энэ жамыг монголчууд ч туулаад өнгөрнө.

Мягмар, баасан гараг бүр 3х3 багийнхантайгаа яг тэр дүрмээр нь сагс тоглодог. Би багийн эзний хувьд тамирчдаа байнгын бэлтгэлтэй байлгаж, асуудлыг нь илүү сайн ойлгохын тулд өөрөө тоглодог.

-УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Та ямар ажил амжуулав?

-Туршлага хуримтлуулсан жил байлаа. Дөрвөн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлтийг өргөн барилаа. Хоёр хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж байна.

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дөрвөн жил ямар хэмжээний ажил амжуулж болох хугацаа вэ?

Хүмүүсийн амьдралыг өөрчлөх хэмжээний ажил хийе гэвэл дөрвөн жил гэдэг бага хугацаа. Жишээ нь, Гандангийн орчмыг дахин төлөвлөх ажлыг энэ хугацаанд бүрэн хийж амжихааргүй байна. Төсөв санхүүжилтийг нь суулгахын тулд зураг төсөл, ТЭЗҮ-тэй байх ёстой. ТЭЗҮ, зураг төсөл, концепц нь ч байхгүй учир нэг жил алдаж байгаа юм. Улаанбаатар хотын жуулчид хамгийн их очдог цэгүүдийн нэг нь Гандантэгчэнлин хийд. Гандан руу жилд 800 мянган хүн очдогоос 50 хувь нь шашны зорилгоор, бусад нь жуулчид байдаг. Гандан орчмын 58 га газарт 1100 өрхийн 6000 орчим иргэн амьдарч байна. Улаанбаатар хотын зүрхэнд байдаг энэ өндөрлөг газар, гэр хорооллын хуучин хэв маягийг алдуулахгүйгээр хөгжүүлж, дахин төлөвлөлт хийх Засгийн газрын шийдвэр гарсан.

1809 онд Зүүн хүрээний Шар хийд нэртэйгээр анх байгуулагдаж, 1850 онд гандан хийд болсон түүхтэй. Гандангийн дэнж бол Монголын хамгийн анхны гэр хороолол. Хүмүүс гэр хорооллыг нь нүүлгэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулъя гэж хэлдэг. Тэр хэсэг бол Монголын түүхэн дурсгалт газруудын нэг. Гандангийн зарим нэг хаалга, ямар ч хадаас оруулаагүй нэг, хоёр байшин бий. Тэдгээрийг соёлын өвд бүртгүүлж, хадгалалт хамгаалалтыг сайжруулна. УИХ-аас Гандангийн орчимд дахин төлөвлөлт хийх ажлын хэрэгжилтийг хянах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг би ахалж байгаа. БХБЯ, БОАЖЯ, СЯ, хотын захиргаатай хамтарсан ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

-Тэгвэл бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаандаа ямар ажил амжуулахаар төлөвлөсөн бэ?

-Дөрвөн жилийн хугацаанд хууль батлахын хажуугаар улсын хэмжээний төслүүдээ хэрэгжүүлнэ. Тойрог дээр хэрэгжүүлэх ажлуудын хувьд Гандангийн дахин төлөвлөлтийн төсөл, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд цөөнгүй бий. 3, 4 дүгээр хорооллын угсармал барилгуудад дулаалга хийхгүй бол маш хүйтэн. Бусад нь үүнийг сайн ойлгодоггүй юм. Мөн зам барих, ногоон байгууламж хийх, 4-5 хороонд сургууль, цэцэрлэг барих ажил бий. Тойргийнхоо бүх хороонд сургууль, цэцэрлэг хүртээмжтэй болгох ажлыг энэ дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн.

Бусдыг сонсоход заавал хэрэгтэй юм гардаг. Бусдыг сонсохгүй л бол алдаа гарна. Сонсох нь судалгааны нэг хэсэг.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг удирдаж байхдаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг батлуулсан. Тэр хөтөлбөрийг бичиж, боловсруулахад би ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөхийн хувиар оролцож ажилласан. Гэрээсээ гараад 5 минутад алхаад хүрэх зайд сургууль, эмнэлэг нь байдаг орчин бүрдүүлбэл хотын иргэний амьдралын стандарт хангагдаж байна гэж үзнэ. 

-Нийслэлд улсын сургууль, цэцэрлэгийн нэг ангид дунджаар 50 хүүхэд сурч байна. Нэг ангид хуваарилах сурагчийн тоог 30 руу оруулах боломж бий юү?

-Том сургуулиас илүү бага сургууль, цэцэрлэг хүртээмжтэй, гэртээ хамгийн ойр байх ёстой. Хүүхэд  гэрээс сургууль, сургуулиасаа гэр лүүгээ аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх нь чухал байна. Тиймээс хорооддоо бага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий. Манай тойрогт гэр хорооллын хоёр хороонд бага сургууль, цэцэрлэг барих тендер зарлаж, гүйцэтгэгч нь шалгараад байна.

Гандан орчмын 58 га газарт 1100 өрхийн 6000 орчим иргэн амьдарч байна. Хүмүүс гэр хорооллыг нь нүүлгэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулъя гэдэг. Тэгж болохгүй. Энэ бол Монголын анхны гэр хороолол, түүхэн дурсгалт газруудын нэг учир дахин төлөвлөлт хийж хөгжүүлнэ. 

-Хороо бүрийг цэцэрлэг, сургуультай болгох эдийн засгийн эх үүсвэр улсад байна уу?

-Монгол Улс 100 жилийн түүхэндээ өнөөдрийнх шиг баян байж үзээгүй. Энэ бол хөгжлийн нэг шийдэл юм. Монгол Улс Алсын хараа- 2050-д тусгасан зорилтдоо хүрэхийн тулд ямар замаар явах вэ гэвэл би Канадын загварыг манайд илүү тохиромжтой гэж үзсэн. Зарим нь Японы загварыг санал болгосон. Канад яагаад тохиромжтой гэхээр Канад улс зүүний үзэл баримтлалыг сонгосон. Боловсрол нь үнэгүй, эрүүл мэндийн даатгал нь хямд атлаа чанартай, эдийн засаг нь тогтвортой, маш том газар нутагтай, хүн ам цөөнтэй. Урдаа дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий Америк хөрштэй, төвийг сахисан бодлоготой. Монгол Улстай олон талаараа төстэй. Манай улсын аюулгүй байдал, үзэл баримтлалд ч Канадаас авах санаанууд их бий.

-Цаг гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа.