Л.Энх-Амгалан: Их, дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар боллоо
Засгийн газрын хуралдаанаар шинжлэх ухааны салбарт реформ хийх түүхэн шийдвэр гарсан тухай салбар сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж Үндэсний зөвлөлийн Ажлын алба байгуулахаар болжээ. Мөн “Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулж, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, ШУТИС-ийн харьяа Дулааны, техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, ШУА-ийн харьяа Технологийн инкубатор гэж нэмж, сэргээн байгууллаа.
Тэрбээр "Энэ салбарын тоглтолцоо ойлгомжгүй явсаар ирсэн. Санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй. Мөн салбарын үйл ажиллагаанд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгах нь зүйтэй.
Манай улсад 300 гаруй лабораторитой. Үүнээс 70-80 хувь нь шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ хийх боломжгүй. Орчин үеийн техник, тоног төхөөрөмж байхгүй. Эдгээрийг шинэчлэх хэрэгцээ бий. Газрын хулгай бас байна. Тиймээс хүрээлэн, их дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар боллоо. Түүнчлэн тархи судлалын хүрээлэнг шинээр байгуулах гэж байна" гэлээ.