НҮБ-ын “Дэлхийн хүнсний өдөр”-т зориулан зохион байгуулсан хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо
2021.10.16

НҮБ-ын “Дэлхийн хүнсний өдөр”-т зориулан зохион байгуулсан хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-т зориулан зохион байгуулсан “Монгол улсын хүнсний тогтвортой тогтолцооны талаарх” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Туваан панелистаар оролцлоо.

Монгол Улсад дэлхийн хамгийн өргөн уудам, биологийн олон янз байдлаар баялаг хээрийн экосистем бий. Гэвч бэлчээрийн даац хэтэрсний улмаас энэ экосистем нь хурдтай доройтож, биологийн олон янз байдал алдагдаж байна. 1990 оноос 2019 оны хооронд нийт малын тоо толгой 25 сая байснаа 70 сая хүртэл өссөн нь байгалийн нөөцийн байдлыг дордуулж, хөдөө аж ахуйн бүтээмжийг бууруулж байна.

Манай улсын хөдөө аж ахуй салбарт мал аж ахуй давамгайлж байгаа тул хүн, амьтан, ургамлын эрүүл мэнд болон тэдгээрийн хамтран оршиж буй байгаль орчны харилцан хамаарлаас цаашид үүдэн гарах аюулаас илүү сайн сэргийлэхэд туслахуйц хандлагыг нэвтрүүлэх шаардлагатай. Ингэж чадвал Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт болон эдийн засгийн хямрал, тэдгээрийг дагалдан үүсэх хүнсний хомсдол, хүнсний алдагдал, үнийн хэлбэлзэл зэрэг дарамт, цочролыг даван туулж чадна гэдгийг Ц.Туваан гишүүний зүгээс онцолсон юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан бөгөөд энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр”  болгон жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг билээ.