“Цэвэр монгол бичигтэн”-г шалгарууллаа
Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний 81 жилийн ой, улсын бүртгэлийн ажилтны өдрийг тохиолдуулан улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд “Цэвэр монгол бичигтэн” уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Их зохиолч, билгүүн номч Б.Ринченгийн “Монгол хэл” шүлгийн цэвэр хичээнгүй бичгийн эхийг дуурайлган А4 хэмжээтэй цаасан дээр буулгаж, уг бичвэрээ цахим хэлбэрээр ирүүлсэн бөгөөд эхний шатанд нийт 84 бүтээл ирсэн байна.
Шалгаруулалтыг монгол бичгийн мэргэшсэн, арга зүйч ахлах багш шүүж, уралдаанд ирүүлсэн материалуудаас шүлгийн гүйцэтгэл, зөв бичих зүй, бичгийн хэв буюу цэвэр сайхан бичсэн байдал зэргийг харгалзаж “Цэвэр монгол бичигтэн”-г тодруулсан юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэл болон орон нутаг дахь газар, хэлтсийн ажилтан, албан хаагчид оролцсон уг уралдааны 1-р байрт УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техникийн хэлтсийн сүлжээний инженер Г.Баясгалан шалгарч, 2-р байранд Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч А.Оюунсувд, гутгаар байрт Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Есөнбулаг сумын улсын бүртгэгч Д.Гүндэгмаа нар тус тус шалгарч талархал, мөнгөн шагналын эзэд боллоо.
Ташрамд дурдахад, Улсын бүртгэлийн байгууллагын 81 жилийн ойг угтан өнгөрөгч өдрүүдэд 4 төрөлт /сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар/ спортын тэмцээнийг зохион байгуулж төрөл бүрээр мөн шилдэгүүдээ шалгаруулсан юм.
УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техникийн хэлтсийн сүлжээний инженер Г.Баясгалангийн бүтээл
Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч А.Оюунсувдын бүтээл
Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Есөнбулаг сумын улсын бүртгэгч Д.Гүндэгмаагийн бүтээл