Л.Оюун-Эрдэнэ: Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна
2021.12.06

Л.Оюун-Эрдэнэ: Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхлэх МАН-ын Их хурал үргэлжилж байна. Хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” тавьлаа.

Илтгэлээс

Дөрөвдүгээрт,  Хотхөдөөгийн сэргэлтийн тухай

Суусан хотоо алхаатай хот болгож, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг шийдвэрлэх нь бидний нэн тулгамдсан асуудал боллоо. 13-р зуунд Монгол хүн морин дэл дээр дэлхийг эзэлсэн түүхээр бид бахархдаг, харин 21-р зууны монголчууд машиндаа түгжирсээр насыг барвал юутай харамсалтай. 

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь амьдарч байна. 

Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна.

Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-аас 80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс НЭГ ХОТ УЛС болжээ. 

Иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, сүүлийн 10 жилийн алдагдсан боломжийг өртөг 11.8 их наяд төгрөг болсон байна. 

Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн 30 жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлаггүй байдлын төлөөс юм. 

Өнгөрсөн 30 жилд хуримтлагдан архагшсан хууч өвчнийг өвчин намдаах эмээр аргацаах боломжгүй болсныг ард иргэд маань хүлээн зөвшөөрч ойлгоно гэдэгт итгэж байна. Шулуухан хэлэхэд өвчний голомтыг бүрдүүлж буй зарим асуудлыг мэс заслын аргаар багагүй хэмжээний өвдөлт өгч шийдвэрлэхээс өөр гарц үлдсэнгүй. 

Зарим томоохон асуудлыг шууд арчиллын хэлбэрээр ард нийттэйгээ хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байгаа. 

Хотын төвлөрөл багасна гэдэг нь хөдөөг хөгжүүлнэ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд хэн ч шууд очихгүй нь ойлгомжтой. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, эрхзүйн цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй. Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай. 

Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсийг эртний нийслэл  ХАРХОРУМ хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч 2022 онд багтаан эхлүүлнэ. 

Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ хот байгуулах их бүтээн байгуулалтыг энэ хавраас эхлүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд их бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлно. Аймгийн төвүүдийг бие даасан хот болон хөгжүүлэх, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээж, орон нутгийн удирдлагуудын эрх мэдэл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.  

Цар тахлын нөхцөл байдал тогтворжих үед Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлаж, БИЕ ДААН ХӨГЖИХ боломж бүхий эдийн засгийн асуудлыг аймаг бүрд шийдвэрлэж, орон нутагт Ерөнхий сайдын хувиар ажиллах болно. 

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжинэ. ХҮНСЭЭ ДОТООДДОО бүрэн хангах, ХҮНС ЭКСПОРТЛОГЧ улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын дөрөюдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ. 

Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн нь нийслэлийн төсвөөс түгжрэлд зарцуулсан 10 жилтэй дүйж байгаа нь бид энэ асуудалд хэрхэн хайнга хандаж ирсний бас нэг илэрхийлэл юм. 

Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг гурван чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.

Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр зам шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон ХУДАЛДААНЫ ТОМООХОН төвүүдийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдэх юм аа. 

Нийслэл Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 километр Их тойруу хурдны зам барих ажлыг ирэх оноос эхлүүлнэ. 

Суусан хотоо алхаатай хот болгоход төр-иргэний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.